БНХАУ-ын зорчигч тээврийн Боинг 737-800 онгоц өчигдөр өдөр 14:40 цагийн үед 8,800 метрийн өндрөөс унаж, гуравхан минутын дотор осолдсон. Уг онгоц 13:00 цагт Юньан мужийн Кунминг хотоос хөөрч Гуанжоу хотод газардах ёстой байсан ч Гуанси мужийн Вужоу хотын ойролцоо ууланд осолдсон юм.
Онгоц унасны дараа уулархаг бүсэд түймэр гарсан бөгөөд ослын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Шинжээчид осол гарах үед тухайн бүс нутагт цаг агаарын байдал муу, үзэгдэх орчин хязгаарлагдмал байсан нь ослын шалтгаан болсон байж болзошгүй гэж үзжээ. Харин зарим шинжээчид нислэгийн үед онгоцны эрчим хүч тасарч, удирдлагаас гарсан гэж таамаглаж байна. Онгоц 8,800 метрээс өндрөө алдаж хоёр минут гарны дараа гэхэд 1,300 метрт хүрсэн байжээ. Онгоц унах үед нисгэгч жолоогоо автомат удирдлагад шилжүүлсэн байсан гэж зарим эх сурвалжууд мэдээлжээ.
Хятадын дарга Ши Жиньпин ослын шалтгааныг яаралтай тогтоохыг тушаасан байна. Осол гарсны дараа China Eastern Airlines /CEA/ бүх Боинг 737-800 онгоцуудаа газардуулжээ.
Ослын газарт онц байдлын 600 гаруй ажилтан хүрээд байна. Хэдийгээр уулархаг, бартаа саад ихтэй байсан ч гал сөнөөгчид хамгийн түрүүнд очжээ. Онгоцонд зорчиж байсан 123 зорчигч, нислэгийн багийн 9 хүн бүгд амиа алдсан.
1990-ээд оны үед Хятадад онгоцны ослууд ар араасаа гарсны дараа нислэгийн аюулгүй байдалд ихээхэн анхаарах болсон. Хамгийн сүүлд 2010 онд Харбинаас хөөрсөн онгоц манан дунд төөрч 42 хүн амиа алдсан осол гарснаас хойш томоохон осол гараагүй байжээ.
Эх сурвалж: ВВС, CNN