Энэтхэгийн нийслэл Дели хотын захад байдаг Нойда хотод амьдардаг 19 настай хүү армид элсэхийн тулд шөнө бүр 10 км гүйдэг ажээ. Найруулагч Винод Капри бямба гарагийн шөнө машиных нь хажуугаар үүргэвчээ үүрэн гүйж зөрөх хүүг хараад ямар нэг асуудал гарсан байж болзошгүй гэж бодон туслахыг хүсжээ. Гэвч Прадип Мехра хүүд ямар ч тусламж шаардлагагүй байсан бөгөөд тэр армид цэрэг болохын тулд МакДональдс дахь шөнийн ээлжийн ажлаа тараад өдөр бүр гэрлүүгээ 10 км гүйж харьдаг байна. Уг бичлэгийг ням гарагийн орой цахим сүлжээнд байрлуулснаас хойш 6 сая гаруй удаа үзжээ.
Мехрад өдрийн цагаар бэлтгэл хийх зав гардаггүй тул шөнө ажлаа тараад гүйх нь хамгийн зөв сонголт болжээ. Тэр ахтайгаа амьдардаг бөгөөд найруулагчийг зоогонд урьж, машиндаа суухыг хүссэн ч бэлтгэлээ таслахгүйн тулд зөвшөөрөөгүй байна. Мехра өглөө гарахдаа, орой хариад өөртөө болон ахдаа зориулсан хоолыг заавал өөрийн гараар бэлтгэдэг ажээ. Тэдний эцэг эх Уттараханд мужид амьдардаг бөгөөд ээж нь өвчтэй тул аав нь асардаг байна.
Бичлэг цацагдаж олон сая хүнд хүрсний дараа Мехрад туслах аян эхэлсэн ч хүү бусдын тус дэмийг авахыг хүсэхгүй байгаагаа хэлжээ. Армид элсэж, цэрэг болохыг чин сэтгэлээсээ хүссэн хүүгийн бичлэг хэдийн Энэтхэгийн өндөр дээд албан тушаалтнуудын сэтгэлд хүрчээ. Тухайлбал тэтгэвэртээ гарсан дэслэгч генерал Сатиш Дуа хүүгийн тухай армийн удирдагчдад дуулгана гэдгээ илэрхийлсэн бол Дели хотын дэд сайд Маниш Сисодиа хүүгийн хүсэл мөрөөдлийнхөө төлөө үнэнчээр хөдөлмөрлөж байгаагаас бусад улс төрчид үлгэр дуурайл аваасай хэмээн хүсэж буйгаа бичжээ.
Эх сурвалж: ВВС