Цаг үеийн мэдээ

Перугийн Барилга, эрүүл мэндийн яамны боловсруулсан 2022-2026 оны Ариун цэврийн үндэсний төлөвлөгөөгөөр гурван сая гаруй иргэн цэвэр усны хомсдолд ороод байгааг тогтоожээ. Хэдийгээр хөдөө орон нутагт амьдардаг Перучууд усны нөөцөө хангах уламжлалт аргуудыг ашиглаж байгаа ч ундны усаа авч чадахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа мэдэгдсээр байна. Нийслэл Лима хотын ундны усны нөхцөл байдал нь Перу улс усны хомсдолд орж байгаагийн хамгийн тод жишээ болж байна. Засгийн газрын байртайгаа зэргэлдээ оршдог олон хороолол сүүлийн хэдэн жилийн турш ундны усгүй байсаар байна. Түүнчлэн бохир усны цэвэрлэгээ үйлчилгээ муу байгаагаас 7.5 сая гаруй Перугийн оршин суугчид амин чухал үйлчилгээнд хамрагдах боломжгүй байна. Тэдний 63 хувь нь хөдөө орон нутагт амьдардаг тул бохирын нүх ухах шаардлага тулгарч байна.

Оршин суугч Росио дель Пилар-Пуэнте: "Таван хүнтэй гэр бүлд усны хэрэглэгээ хангалттай байна. Гэхдээ таваас дээш гэр бүлийн гишүүдтэй айлд ундны усны хэрэглээ нь хүрэлцэхгүй байна"

"Дайчин ээжүүд" хэвлэлийн төлөөлөгч Орфелина Делгадо: "Бид аль хэдийн хэмнэлтийн горимд орсон.  Бид Даваагаас Баасан гараг хүртэл хоол хийхдээ ердөө 1100 литр ус л ашигладаг. Энэ мэдээж хангалттай биш. Өөрсдөө хэмнэдэг. Тэр байтугай хөршүүддээ ч зээлдэг. Хоол идэхээ больж чадахгүй учраас бид усаа сайн зохион байгуулах хэрэгтэй байдаг.

Усыг ямар ч асуудалгүй хэрэглэж чаддаг байх естой. Учир нь ус бол амьдрал юм. Энэ цэвэр усны асуудлыг төрөөс шийдэж өгөхгүй байвал бид тэмцэх ёстой. Бид заавал нэг арга замыг хайж олох хэрэгтэй байна"

Өлсгөлөнгийн эсрэг үйл ажиллагаа сангийн Ус, ариун цэврийн асуудал хариуцсан мэргэжилтэн Жосуе Поррас: "Нийт хүн амын ундны усны хомсдолтой хүмүүс 3 сая орчим байна. Санхүүгийн эх үүсвэр багатай хүмүүс цэвэр ус авч чаддаггүй. Эквадор, Боливи, Перу зэрэг орнуудад ч мөн адил. Хотын захын дүүргүүдэд амьдарч байгаа хүмүүс ч гэсэн яг адилхан цэвэр усны хомсдолтой, үүнээс болж зовж шаналж байна" 

Эх сурвалж: А24 Мэдээний агентлаг 

Таны сурталчилгаа