Цаг үеийн мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан хатагтай Хиллари Клинтон ковидын халдвар авсан тухай мягмар гарагт мэдээлжээ. АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж байсан, Ардчилсан намын гишүүн Клинтонд өвчний хөнгөн шинж тэмдэг илрээд байгаа ажээ.

Энэ жил 74 настай тэргүүн хатагтай асан Хиллари “Миний ковидын шинжилгээний хариу эерэг гарлаа. Надад ханиадны хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа ч биеийн байдал дажгүй байна. Вакцин тариулсны ачаар өвчний хүндрэлээс хамгаалагдаж байгаадаа баяртай байна. Тиймээс вакциндаа хамрагдацгаая. Хэрэв хоёр тун хийлгэчихсэн бол нэмэлт тунгаа тариулцгаая” хэмээн албан ёсны Твиттер хуудсандаа жиргэжээ.

Түүний нөхөр Ерөнхийлөгч асан Билл Клинтоны шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд гэрээ бүрэн ариутгаж дуустал тусгаарлагдаж байгаа аж. 

Түүнчлэн Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жен Псаки хоёр дахь удаагаа ковидын халдвар авснаа өчигдөр мэдэгдсэн байна. Халдвар авсан учир Ерөнхийлөгч Жо Байдены хамтаар НАТО-ын дээд хэмжээний уулзалтад оролцохоор Европт айлчлах боломжгүй болжээ. 

АНУ-д хоногт дунджаар халдварын 30,000 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь өнгөрсөн долоо хоногийн дунджаас 16 хувиар буурсан үзүүлэлт юм байна.

Эх сурвалж: CNN

 

Таны сурталчилгаа