Цаг үеийн мэдээ

Бүслэгдсэн Харьковын оршин суугч Ленинградын бүслэлтээс хэрхэн амьд үлдсэн тухайгаа дурсав.

Маргарита Морозова 87 настай. Хүүхэд байхдаа тэрээр Ленинградын бүслэлтээс амьд гарчээ. Тэрээр өдгөө хэдэн долоо хоногийн турш Оросын цэргийнхэнд бүслэгдэж, их хэмжээний буудлагад өртөөд байгаа Харьков хотод амьдардаг. Тэрээр хэлэхдээ эдгээр үйл явдлууд нь түүний бага насанд тохиолдсон үйл явдлуудтай төстэй юм хэмээжээ.

Тэрээр ярихдаа: “Бид 60 жилийн өмнө Харьковт ирсэн. Биднийг ирэхэд цаг үе үнэхээр сайхан байсан. Хар дарсан зүүдэндээ ч ийм дайн дахин болно гэж төсөөлж чадаагүй.

Намайг бага байхад бид бөмбөгдөлтөөс зугтаж хуучны байшингуудын коридорт нуугддаг байсан одоо мөн л адил түгшүүрийн дохио дуугарч Харьковыг бөмбөгдөж эхлэхэд биднийг энэ нь аврах үгүйг нь мэдэхгүй ч гэсэн бас л коридорт нуугдаж байна. Мэдээж залуучууд нас барж, сайхан барилга байгууламжууд нурж сүйрэх нь маш аймшигтай байна.

Агуу эх орны дайн бол ойлгомжтой манай ард түмэн бус фашистууд байсан, харин энэ дайн бол украин болон орос хүмүүсийн хувьд адил маш харамсалтай хэрэг. Хоорондоо нөхөрсөг ард түмэн, соёл ёс заншлын хувьд, хэлний хувьд ойролцоо улс, гэтэл ийм юм болно гэдэг аймшигтай. Байшин барилгыг сэргээн засварлаж болно гэвч хүмүүсийг босгож ирэх боломжгүй. Мөн хамгийн аймшигтай нь хоёр ард түмний нэг нэгнийгээ үзэн ядах явдал, хаана ч таарсан бие биенээ үзэн ядах сэтгэлээр хандана гэдэг л харамсалтай байна’” гэжээ.

Эх сурвалж: Настоящее время

Бэлтгэсэн: Р. Буянхишиг

Таны сурталчилгаа