Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков CNN телевизийн нэвтрүүлэгч Кристиан Аманпуртай ярилцах үеэрээ ОХУ ямар тохиолдолд цөмийн зэвсэг ашиглах вэ гэдэгт хариулт өгчээ.
Песковын хэлснээр Ерөнхийлөгч Владимир Путин Украины асуудалд цөмийн зэвсэг ашиглах бодолгүй байгаа аж. Харин дотоодын аюулгүй байдлыг хамгаалах үзэл баримтлалд заасан зүйл заалт зөрчигдсөн тохиолдолд л цөмийн зэвсэг ашиглана хэмээн байр сууриа илэрхийлсэн байна.
Песков “Бидэнд дотоодын аюулгүй байдлаа хамгаалах үзэл баримтлал бий. Энэ олон нийтэд ил тод байдаг. Ямар тохиолдолд цөмийн зэвсэг ашиглаж болох вэ гэдгийг заасан байдаг болохоор тэндээс бүгдийг нь уншиж болно” гэжээ. Мөн хэрэв улс орны оршин тогтноход заналхийлбэл дотоодын аюулгүй байдлын үзэл баримтлалын дагуу цөмийн зэвсэг ашиглах боломжтой гэдгийг нэмж дурдсан байна.
Ерөнхийлөгч Путин өнгөрсөн сард цөмийн хүчнийг байлдааны бэлэн байдалд шилжих тушаал өгсөн юм. Батлан хамгаалах яамны мэдээлснээр хоёрдугаар сарын 28-ны өдрөөс цөмийн пуужингийн нэгж, умард ба Номхон далайн флотууд байлдааны бэлэн байдалд орсон байна.
Үүнээс гадна АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Путин хими, биологийн зэвсэг ашиглаж болзошгүй тухай мэдэгдсэнээс хойш Орос цөмийн зэвсэг ашиглахад бэлэн байгаа нь олон улсын санааг түгшээх болсон юм.
Өнгөрсөн долоо хоногт ОХУ Кинжал буюу чинжаал хутга нэртэй дуунаас хурдан пуужин харвасан тухай мэдээлсэн. Энэ нь дэлхийн хаа ч ердөө цагийн дотор хүрэх хүчин чадалтай юм.
Эх сурвалж: Al Jazeera