Гуравдугаар сарын 6-нд Киев мужийн оршин суугч Сергей Перебейнис эхнэр, хоёр хүүхдээ алджээ. Үйл явдал тэд Киевийн ойролцоох Ирпень хэмээх жижиг хотоос гарах гэж оролдох үед болжээ. Түүний гэр бүл эвдэрсэн гүүр рүү гүйх үед минометын галд өртжээ. Тухайн үед хүмүүсийг автобусанд суулгаж Ирпенээс нүүлгэн шилжүүлж байсан байна.
Сергейн том хүү Никита 18 настай оюутан, охин Алиса 9 настай, сургуульд сурдаг байжээ.
Сергей: "Би 2-р сарын 17-нд Ирпенээс ээж дээрээ очихоор Донецк хотыг зорьсон. Ээж маань ковид өвчнөөр өвдсөн бөгөөд өмнөх өдөр нь над руу утасдаж, биеийн байдал нь муудсан, уушгины хатгалгаа болсон гэж хэлсэн. Намайг тэнд очсон даруйд хотын хэмжээнд бүх энгийн иргэдийг дайчлах ажил эхэлсэн. Саяхныг хүртэл би Украины нутаг дэвсгэр дээр дайн эхэлнэ гэдэгт итгэдэггүй байсан" гэв.
Мөн тэрээр "Хоёрдугаар сарын 24-нд бүх зүйл эхэлсэн. Өглөө 5 цагт эхнэр маань над руу "Бидний дээгүүр ямар нэг зүйл онгоц эсвэл пуужин нисч байна" гэж бичсэн гэж Сергей дурсав. "Эхний өдөр би тэднийг хаашаа ч зугтахгүй байхыг санал болгосон. Учир нь тэр өдөр маш их замын түгжрэл, дараалал, эмх замбараагүй байдал үүссэн байсныг санаж байгаа биз.
"Миний бодлоор 3-р сарын 3 эсвэл 4-ний өдөр манай хороолол руу минометаар буудсан. "Тэд өглөө явахаар болж машиндаа ачаагаа ачиж эхэлсэн байсан ч тэр өдөр Оросын танкууд манай гудамжаар орж ирсэн. Гудамжинд тулаан эхэлсэн. Тэд машинаа орхин дахин хонгилд нуугдсан.
"Бид салах ёс гүйцэтгээгүй, гэхдээ би тэдэнтэй хамт байгаагүйдээ, тэднийг хамгаалж чадаагүйнхээ төлөө уучлалт гуйсан" гэж тэр хэлэв. "Гэхдээ эхнэр маань өөдрөг сэтгэлээ алдаагүй. Бид даван туулах болно, санаа зовох хэрэггүй, бүх зүйл сайхан болно гэсэн нь түүний сүүлчийн үг байсан.
Сергей дайнаас өмнө ч гэр бүлийнхэнийхээ утсанд газарзүйн байршлыг тодорхойлдог программ суулгасан байжээ. Эхнэр хүүхэд нь нас барсан тэр өдөр өглөө 9 цагийн үед эхнэрийнх нь утас хотын 7-р эмнэлэгт байна гэсэн байршлыг зааж байсан бөгөөд тэр үед Сергей аймшигтай зүйл болсныг мэджээ.
"Хагас цагийн дараа би твиттерт Романовка руу минометоор дайрч, нэг гэр бүл амь үрэгдсэн гэж бичсэн байсныг харсан. Дараа нь дахиад хорин минут өнгөрч, эхний зураг гарч ирсэн. Эд зүйлс нь газарт тарсан. Миний хүүхдүүдийн цогцос байсан"
Эх сурвалж: Настоящее время
Бэлтгэсэн: Р. Буянхишиг