БНЧУ-д төрсөн ч АНУ-д цагаачлан ирсэн эмэгтэй хожим нь тус улсын анхны эмэгтэй төрийн нарийн бичгийн даргаар сонгогдсон билээ. АНУ-ын гадаад бодлогыг тодорхойлсон анхны эмэгтэй Мадлен Олбрайт 84 насандаа хорт хавдрын улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүллээ.
Гэр бүлийнх нь зүгээс “Бид хайртай ээж, эмээ, эгч, нагац, анд нөхрөө алдлаа. Тэр гэр бүлийнхэн, найз нөхдийнхөө дэргэд амгалан нойрслоо” хэмээн мэдэгджээ. Уг мэдээг сонссон АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, тэргүүн хатагтай төдийгүй төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон нар гүн эмгэнэл илэрхийлжээ. Мөн НАТО-ын ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг, Ерөнхийлөгч асан Жорж Буш зэрэг эрхмүүд үргэлжлүүлэн эмгэнэл илэрхийлж, түүнийг дурссаар байна.
Клинтоны Засгийн газрын үед буюу 1997 онд Олбрайт төрийн нарийн бичгийн дарга болж байсан юм. Олбрайт хатагтай чөлөөт нийгэм, эрх чөлөө, ардчиллын үнэ цэнийг дэлхийд мэдрүүлж чадсан гэж үе үеийн улс төрчид үнэлсээр ирсэн билээ.
Тэрээр 1937 онд Чех улсын нийслэл Прага хотноо Мари Яана Корбелова нэртэйгээр дипломатчийн гэр бүлд мэндэлжээ. АНУ-д 1948 онд улс төрийн орогнол хүсч, нүүж ирсэн байна. Улмаар 1957 онд АНУ-ын иргэншилтэй болжээ. Жимми Картерын үед Цагаан ордонд ажиллах болж дэд Ерөнхийлөгчид, Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн гадаад бодлогын зөвлөхөөр ажиллаж байжээ. 1993 онд Билл Клинтон Ерөнхийлөгчийн тангаргаа өргөснийхөө дараа НҮБ дахь онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар Олбрайтыг томилсноор анх удаа албан ёсны гадаад бодлого тодорхойлох албанд мордсон түүхтэй.
“Төмөр хатагтай” хэмээн цоллогддог байсан тэрээр Серби, Косовогийн мөргөлдөөнийг намжаахад чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Монгол улсад хоёр ч удаа айлчилж байжээ.
Эх сурвалж: ВВС