БНАСАУ алсын зайн аварга том пуужингийн туршилтыг пүрэв гарагт хийсэн тухай барууны эх сурвалжууд мэдээллээ. “Мангас” гэж хочилдог тив хооронд хүрч онилох хүчин чадалтай, Умард Солонгосын дотооддоо үйлдвэрлэсэн хамгийн том пуужингийн туршилтыг 2017 онд хамгийн сүүлд хийжээ.
Таван жилийн өмнө Хуасонг-15 пуужингаар хийсэн туршилтын дараа АНУ тэргүүтэй барууны орнууд эдийн засаг, улс төрийн хориг арга хэмжээг Пхеньяны эсрэг эрчимтэй хэрэгжүүлсэн юм. Уг алсын зайн аварга пуужин нь Умард Солонгосын нутаг дэвсгэрээс Америк тив хүртэл харвах хүчин чадалтай ажээ.
Удирдагч Ким Жон Ун өчигдөр хийсэн туршилтыг шууд удирдан явуулсан бөгөөд энэ нь цөмийн дайны эсрэг арга хэмжээ гэж төрийн мэдлийн сувгаар нь дамжуулсан байна. Энэ удаа харвасан пуужин нь Хуасонг-17 буюу Хуасонг-15 пуужингийн дараагийн загвар юм. Уг пуужинг 2020 онд Пхеньянд болсон цэргийн жагсаал дээр анх удаа дэлхий нийтэд танилцуулж байжээ.
Япон, Өмнөд Солонгосын армийн мэдээлснээр Хуасонг-17 пуужин 6,000 км зам туулж, цаг орчим ниссэнийхээ дараа Японы тэнгист унасан байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес бүс нутагт хурцатмал байдал үүсгэлээ хэмээн шүүмжилжээ.
Эх сурвалж: ВВС