Украин дахь цэргийн ажиллагааны үеэр 1351 цэргийн албан хаагч амиа алдаж, 3825 цэрэг шархадсан тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээллээ. Эдгээр мэдээлэл нь Украины эрх баригчид 16 мянга орчим цэрэг хохирсон гэж мэдээлснээс хэд дахин бага байгаа юм. Оросын талаас ам үрэгдэгсдийн талаар өгсөн уг тоон мэдээллийг ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий штабын нэгдүгээр орлогч дарга, хурандаа генерал Сергей Рудской хэлснийг ТАСС агентлаг мэдээлжээ.
Түүний хэлснээр амь үрэгдэгсдийн ар гэрийнхэнд “хүүхдүүдийг нь дээд боловсролтой болох хүртэл тэтгэх”, зээл төлөх, орон сууцны асуудлыг шийдвэрлэх зэрэгт төрөөс дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгсэн байна.
Дайн эхэлсэн үеэс хойш Орос улс хохирлын тухай ганцхан удаа мэдээлсэн. Гуравдугаар сарын 2-нд 498 орчим цэргийн албан хаагч нас барж, 1597 нь шархадсан гэж мэдээлж байжээ.
Үүнээс хойш Оросын армийн хохирлын талаар янз бүрийн тооцоо гарч ирсэн. Украины Зэвсэгт хүчний ерөнхий штаб 16 мянга гаруй цэрэг хохирсон гэж мэдэгдсэн (тэдгээрийн дотор нас барсан болон шархадсан хүмүүс багтсан). АНУ Оросын хохирлыг 7000 хүн (нас барсан) гэж тооцоолж байна гэж New York Times долоо хоногийн өмнө бичжээ.
Эх сурвалж: tass.ru, Настоящее время
Бэлтгэсэн: Р.Буянхишиг