Өчигдөр болсон Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр жүжигчин Уилл Смит жүжигчин Крис Рокийг цохисон. Крис Рок Уилл Смитийн эхнэр Жада Пинкетт Смитийн үсний талаар хошигносны дараа Уилл Смит тайзнаа гарч түүнийг цохисон юм.
Жада Пинкетт Смит үс халцрах өвчнөөр шаналж байгаагаа нийгмийн сүлжээгээр хэлсэн бөгөөд түүнийг Крис Рок "G.I Jane 2" хэмээн хошигносон юм.
Жүжигчин Вилл Смит өнөө өглөө албан ёсоор олон нийтэд хандан Крис Рок болон Академийн шагнал гардуулах ёслолыг зохион байгуулагчдаас уучлалт хүсжээ.
Тэрээр: "Хүчирхийллийн бүх төрлийн хэлбэр аюултай бөгөөд хор уршиг дагуулдаг. Өнгөрсөн үдэш Академийн шагнал гардуулах ёслол дээр миний гаргасан үйлдэл нь хэрхэвч зөвшөөрч болохгүй, уучилж боломгүй үйлдэл байлаа. Хэдийгээр миний тухай маазрах, шог ярианд оруулах зэргийг би тэвчих ч гэлээ, Жадагийн эрүүл мэндийн нөхцөл байдлын тухай ёжлол надад тэсч тэвчимгүй санагдсан тул би сэтгэл хөдлөлдөө автсан болно.
Крис, би чамаас албан ёсоор уучлалт гуймаар байна. Би ёсгүй аашилж, буруу зүйл хийсэн. Би түүнээсээ маш их санаа зовж байгаа бөгөөд миний гаргасан үйлдэл нь би өөрөө байхыг хүсдэг хүнээс гарах үйлдэл биш байлаа. Манай дэлхий шиг хайр, сайхан сэтгэлийн ертөнцөд хүчирхийлэл байх ёсгүй юм.
Түүнчлэн би Академийн шагнал гардуулах наадам, түүний продюсерууд, оролцсон зочид болон дэлхийн өнцөг булан бүрт үзэн сонирхож байсан хүмүүсээс хүлцэл өчмөөр байна. Мөн Вильямсын гэр бүл болон “King Richard” киноны гэр бүлийнхнээсээ уучлалт гуйж байна. Бид бүхний маш амжилттай яваа аялалд миний гаргасан үйлдэл нь сэв суулгасанд ихэд харамсаж буйгаа мэдэгдэе.
Би үргэлжлүүлэн хичээх болно.
Хүндэтгэсэн,
Вилл
Бэлтгэсэн: Д.Жаргалсайхан