Энэ сард өмнөд туйлын цаг агаар огцом дулаарсан тухай мэдээллийг хүлээж авсан эрдэмтэд ихэд цочирджээ. Дэлхийн хамгийн хүйтэн цэг болох Антарктикад үйл ажиллагаа явуулдаг Конкордиа судалгааны станцад гуравдугаар сарын 18-ны өдөр цаг агаар цельсийн -11,5 хэмд хүрсэн байна. Энгийн үед энд өдөртөө дунджаар цельсийн -49 хэмийн хүйтэн байдаг боловч энэ сарын 18-ны өдөр агаарын температур цельсийн 38 хэмээр огцом нэмэгдэж дулаарчээ.
Эрдэмтэд энэ үзэгдлийг агаарын температур хамгийн их хэлбэлзсэн дэлхийн дээд амжилт тогтоох тохиолдол мөн гэж үзсэн байна. Урьд өмнө цаг уурын станцуудад ийм хол хэлбэлзэл гарч байгаагүй гэж Berkeley Earth цаг уурын газрын ахлах эрдэмтэн Роберт Роде үзжээ.
Конкордиагаас гадна өмнөд туйл дахь Оросын Восток судалгааны станцад тухайн өдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр огцом дулаахан байсан нь тэмдэглэгджээ. Востокт агаарын температур бусад өдрүүдээс цельсийн 17 хэмээр дулаахан байсныг мэдээлжээ. Францын үндэсний цаг уурын газар Meteo-France 60 гаруй жилийн хугацаанд уур амьсгал судлалын түүхэнд огт сонсогдож байгаагүй тоонуудтай танилцсан тухай өөрсдийн сувгаараа мэдээлсэн байна.
Гэвч хүн төрөлхтөн цаг агаарын байдлыг хэмжиж эхлэхээс өмнө өмнөд туйлд одоо бүртгэгдэж байгаатай адил дулаан цаг агаартай байсныг үгүйсгэх аргагүй гэж зарим судлаачид ярьж байна.
Эх сурвалж: CNN