ОХУ-д ажиллаж амьдардаг Азербайжан, Тажик, Узбек, Казак гэх мэт үндэстнүүдийн төлөөлөл хөдөлмөрийн цагаачид олноор Оросыг орхиж байна. Орон сууц, нийтийн аж ахуй, барилга, хүргэлтийн үйлчилгээнд голчлон ажиллаж байсан ажиллах хүчний гадагш урсгал 2-р сарын сүүлээр эхэлжээ. Мэргэжилтнүүд тухайн гадаадын иргэдийн явах болсон шалтгааныг рублийн ханш унасан, хориг арга хэмжээ авсантай холбон тайлбарлаж байгаа бөгөөд үүний улмаас тус хүмүүс гэртээ гэр бүлдээ мөнгө шилжүүлж чадахгүй болсон байна.
Цагаачид олноор дүрвэх болсон бас нэг шалтгаан нь барилгын материалын үнэ өсөж, түүнийг дагаад барилгын ажлын захиалга багассан байна.
“Ихэвчлэн залуучууд явж байна. Гэхдээ тэд ихэнх нь гэртээ харихгүй, харин өөр улс руу шинэ ажил хайхаар явж байна. Тэд хямралыг дуусахыг хүлээж, буцаж ирэхийг бодож байна" гэж хөдөлмөрийн цагаачлалын мэргэжилтэн Асилбек Эгембердиев "Ведомости" сонинд ярьжээ.
Үүний зэрэгцээ олон цагаачид Оросоос гарч чадахгүй байна. Нислэгүүд цуцлагдсанаар онгоцны тийзийн үнэ огцом өсөж, коронавирусийн хязгаарлалтын улмаас хуурай газрын хил хэсэгчлэн хаагдсан хэвээр байна.
Сул ажлын байруудыг аажмаар оросууд эзэлнэ гэж шинжээчид үзэж байна. Гэсэн хэдий ч Оросууд бага цалинтай ажилд ажиллах дургүй байдаг тул энэ нь урт бөгөөд зардал ихтэй үйл явц юм болно гэжээ.
Эх сурвалж: Ведомости