Орос, Украины төлөөлөгчид урт хугацааны завсарлага авсны дараа Истанбул хотноо хэлэлцээр хийлээ. Уулзалтын зорилго нь хүмүүнлэгийн асуудлыг шийдвэрлэх, цаад зорилго нь гал зогсоох явдал гэж Киев удаа дараа мэдэгдсэн.
ОХУ-ын төлөөлөгчдийн тэргүүн Владимир Мединский уулзалтын дараа сэтгүүлчдэд хэлэхдээ: "Хэлэлцээр үр дүнтэй болсон" гэж мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ, Оросын тал Украины талаас гэрээнд тусгах тодорхой илэрхийлсэн байр суурийг авсан. "Эдгээр саналыг ойрын хугацаанд авч үзэж, ерөнхийлөгчид тайлагнаж, холбогдох хариуг өгөх болно" гэж Мединский хэлэв.
Хэлэлцээрийн эхний үр дүнгийн нэг бол Киев, Черниговын чиглэлд байлдааны ажиллагааг эрс багасгах тухай Оросын Батлан хамгаалах яамнаас гаргасан мэдэгдэл байв.
Юун дээр тохиролцоонд хүрч чадаагүй вэ?
Хэлэлцээрт Украины талаас оролцогч Александр Чалый тайлбарлахдаа, энх тайван тогтоохоос өмнө гэрээн дээр санал болгож буй хувилбарыг дэмжих эсвэл татгалзах боломжтой бүх нийтийн санал асуулгыг Украины ард түмэн дунд явуулах ёстой гэж тайлбарлав. Галыг бүрэн зогсоосны дараа л гэрээнд гарын үсэг зурах боломжтой. Дараа нь гэрээг Украины парламент болон батлан даагч орнуудын парламент батлах ёстой гэжээ.
Хариуд нь Владимир Мединский Путин, Зеленский нарын уулзалтыг хоёр улсын Гадаад хэргийн сайд нарын түвшинд зэрэгцүүлэн хийхийг санал болголоо.
Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн санал болгосон Оросын удирдагч Владимир Путинтэй хоёр талын уулзалт хийх саналыг Оросын тал одоо болтол хүлээж аваагүй байна.
Мөн талууд Крым, Донбассын асуудлыг тусад нь хэлэлцэхээр тохиролцсон байна.
Украины тал дараахь схемийг санал болгов.
- Крым, Севастополийн статусын талаарх хэлэлцээр 15 жил үргэлжилнэ, талууд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд зэвсэгт арга хэрэглэхээс татгалзаж байгаа;
- "Ардын бүгд найрамдах улс" гэгддэг бүс нутгуудын статус, хувь заяаны тухай асуудлыг тусдаа заалтанд оруулсан бөгөөд үүнийг хоёр улсын ерөнхийлөгч нар биечлэн уулзахдаа хэлэлцэх боломжтой;
- Украин улс хэд хэдэн улсаас тодорхой бөгөөд хатуу баталгаа авсан нөхцөлд цөмийн зэвсэггүй орны статустай байхыг зөвшөөрөхөд бэлэн байна. Үүнийг баримтжуулсан байх ёстой.
- Дээрх зүйлд (хэрэв энэ талаар тохиролцоонд хүрч чадсан бол) Украины нутаг дэвсгэрт гадаадын цэргийн бааз, цэргийн анги нэгтгэлүүдийг байрлуулахгүй байхаар тусгасан.
- Украин цэрэг-улс төрийн ямар ч холбоонд орохгүй байх үүрэг хүлээнэ. Украины нутаг дэвсгэрт олон улсын цэргийн сургуулилт хийхэд зөвхөн батлан даагч орнуудын зөвшөөрлөөр зохион байгуулах боломжтой болно.
Украин улс ОХУ-д аюулгүй байдлын баталгааны гэрээ байгуулах саналаа хүргүүлсэн нь дайныг зогсоох боломжтой юм. Энэ нь олон улсын гэрээ байх ёстой бөгөөд үүнд аюулгүй байдлын бүх баталгаа гаргагчид гарын үсэг зурах ёстой гэж Украины төлөөлөгчид үзэж байна.
Украйн улс Их Британи, Хятад, АНУ, Турк, Франц, Канад, Итали, Польш, Израйлийг батлан даагч гэж үздэг. Тэдний зарим нь урьдчилж зөвшөөрөл өгсөн байна.
Эх сурвалж: BBC Русская служба
Бэлтгэсэн: Р.Буянхишиг