Цаг үеийн мэдээ

Нидерланд улс Оросын төлөөлөгчийн газарт дипломатчаар итгэмжлэгдсэн 17 хүнийг тус улсаас буцааж, Бельги улс Оросын дипломат төлөөлөгчийн газрын 21, Ирланд 4, Чех 1 ажилтныг тус улсаас хөөжээ.

Нидерландын Гадаад хэргийн сайд Вопке Хоекстра өөрийн твиттер хуудсандаа буцаан илгээж буй Оросын ажилтнуудыг "Дипломат халхавч дор Оросын төлөөлөгчийн газарт томилогддог тагнуулын ажилтнууд" гэж бичжээ.  Мөн тэрээр "Тагнуулын ажилтнууд аюулгүй байдалд заналхийлж байна" гэж тодотгож, "ижил бодолтой бусад улс орнуудтай хамтран" ийм алхам хийсэн гэж бичсэн байна.

Нидерландын Гадаад харилцааны яамны мэдээлснээр, "Ерөнхий болон цэргийн тагнуул, аюулгүй байдлын албанаас авсан мэдээллээр Оросын Нидерланд дахь төлөөлөгчийн газарт дипломатчаар итгэмжлэгдсэн эдгээр хүмүүс нууцаар тагнуулын үйл ажиллагаа явуулж байгааг нотолсон" нь тэдгээрийг тус улсаас гаргах шалтгаан болсон гэж мэдээлж байна.

Үүнтэй зэрэгцэн Бельгийн засгийн газар тагнуулын хэрэгт сэжиглэгдсэн Оросын 21 дипломатчийг гаргахаа мэдэгдлээ. Эдгээр нь Брюссель дэх ОХУ-ын Элчин сайдын яам болон Антверпен дэх Оросын консулын газрын ажилтнууд юм.  Тэдэнд тус улсаас  гарахад хоёр долоо хоног өгчээ.

Энэ өдөр Ирландын эрх баригчид мөн дөрвөн дипломатчийг дипломат статустай нь үл нийцэх үйл ажиллагаа явуулсны улмаас гаргаж байгаагаа мэдэгдэв.  Чех улс мөн Оросын нэг дипломатчийг буцаах шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: Настоящее время

Бэлтгэсэн: Р.Буянхишиг

Таны сурталчилгаа