Цаг үеийн мэдээ

Фараханаз гэх 24 настай, радиогийн нэвтрүүлэгч байсан бүсгүй өл залгах жаахан хүнс идэх төдий амссанаас хойш хэлэн дээрээ юу ч тавилгүй 24 цаг өнгөрчээ. Томчууд үүнийг тэсвэрлэж чадах ч хүүхдүүд цаг үргэлж хоол нэхнэ. Тэдэнд олддог идэх зүйл нь ердөө талх. Заримдаа жаахан ногоо, хандалсан ногоон цай, хааяахан элсэн чихэр олдох нь ховорхон тохиох тансаглал аж.

Фараханаз найман ам бүлээ тэжээдэг цорын ганц хүн байсан ч Талибаны бүлэглэл төрийн эрхийг булааснаас хойш ажлын байраа алджээ. Түүний дүү талибчуудын хийсэн тулааны үеэр шархдаж хагалгаанд орсон боловч хүнс тэжээлийн дутагдлаас болж турж эцэн тэнхрээгүй байна. 

Энэ гэр бүл бол Афганистаны 23 сая хүний дүр зураг юм. Өөрөөр хэлбэл тус улсад 23 сая хүн өлсгөлөнд нэрвэгдээд байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерресын тусгай төлөөлөгч Рамиз Алакбаровын хэлснээр Афганистанд урьд хожид байгаагүй өлсгөлөн хямрал газар аваад байна. Тус улсын 30 гаруй сая хүн амын 95 хувь нь хүнсний хомстолд оржээ. Талибаны бүлэг төрд эргэн ирсний дараа хэвлэл мэдээллийн салбарт ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн 60 хувь нь ажилгүй болжээ. 

Хүнсний аюулгүй байдал алдагдсантай зэрэгцэн хүүхдүүдийн дунд өлсгөлөнгөөс болж амиа алдах тохиолдол өсчээ. Бие давхар ээжүүд төрөхийн өмнө авах ёстой амин дэмээ авч чадахгүй байгаагаас үр зулбах, амьгүй болох тохиолдол ч нэмэгджээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр 13,700 нярай, 26 ээж хүнс тэжээлийн дутагдлаас болж 2022 онд нас барсан байна. 

Тэр дундаа таваас доош насны хүүхдүүд илүү эмзэг байдаг тул хоол тэжээлийн дутагдалд хамгийн их өртөж байна. Олон улсын хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд тэднийг аврахаар тэмцэж байгаа ч олон улсын хориг арга хэмжээ чангарсаар байна. 

Давж туулшгүй хямралд өртсөн иргэд амьд үлдэхийн тулд нярай хүүхдүүд, жаахан охидоо зарж байгаа гэж Фараханаз ярьжээ. Тэр “Талибан биднийг ажилд буцааж авч, сургуулиуд дахин хичээллэж эхэлнэ гэдэгт итгэж байна. Дэлхийн улс орнууд нүүрээ биднээс бүү буруулаач” хэмээн уриалжээ.

Эх сурвалж: Al Jazeera 

Таны сурталчилгаа