Хайгуулчид Энэтхэг улсын зүүн хойд нутгийн Ассам мужаас аварга том хэмжээтэй нууцлаг шавар вааруудыг олжээ. Дөрвөн өөр байршлаас олдсон 65 шавар ваарыг эрт цагт хүн оршуулахад ашигладаг байсан байж магадгүй гэж судлаачид таамаглаад байна.
Нууцлаг ваарууд өөр өөр хэлбэр, хэмжээтэй аж. Зарим нь өндөр, цилиндр хэлбэртэй байгаа бол зарим нь хэсэгчлэн болон бүхэлдээ газарт булагдсан байжээ. Иймэрхүү төрлийн элсэн чулуугаар хийсэн ваар урьд өмнө Индонези, Лаос улсуудаас олдож байсан юм.
Энэтхэг, Австралийн гурван их сургуулийн судлаачдын судалгааны материал Азийн Археологи сэтгүүлд энэ долоо хоногт хэвлэгджээ. Судалгааг Норт Ийстерн Хилл их сургуулийн судлаач Тилок Такуриа, Гаухати их сургуулийн судлаач Уттам Батари нар удирдсан байна.
Сэтгүүлд нийтэлсэн материалд дурдсанаар эдгээр аварга вааруудыг хаана амьдардаг, ямар хүмүүс хийсэн нь тодорхойгүй байгаа аж. Хэдийгээр аварга вааруудыг тойрсон мэдээллүүд нууцлаг байгаа боловч судлаачид оршуулгын газар байж болзошгүй хэмээн таамаглаад байна.
Ваарууд хоосон байсан бөгөөд эрт үед тагтай байж магадгүй гэжээ. Судалгааг ахиулахын тулд малтлагыг үргэлжлүүлэх юм байна. Өмнө нь Энэтхэгийн Ассам болон Мэгалаяа мужуудад 10 гаруй байршлаас 700 гаруй ваар олдож байсныг МЭӨ 400-аад онд хамааралтай гэж үзжээ.
Эх сурвалж: ВВС