Оросын цэргүүд Мариуполь хотод химийн зэвсэг ашигласан байж болзошгүй гэсэн мэдээллийг АНУ, Их Британи улсууд ноцтой хүлээн авч байгаагаа илэрхийлжээ. Мэргэжилтнүүд энэхүү мэдэгдэлд болгоомжтой хандахыг уриалж байна.
Оросын цэргүүдэд бүслэгдсэн уг хотын Азовсталь үйлдвэрийн нутаг дэвсгэрийг хянаж байгаа Азовын дэглэмийн байлдагчдаас уг мэдээлэл ирсэн байна. Нисгэгчгүй онгоцноос унасан гэх хорт бодисын хордлогод гурван цэрэг өртсөн гэж тэд мэдэгдсэн ч энэ талаар нарийн нотолгоо өгөөгүй байна.
Пентагоны зүгээс дайнд химийн дайны бодис ашигласан байж болзошгүй нөхцөлд маш санаа зовж байна хэмээн мэдэгдсэн бөгөөд Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс энэ үйл явдлыг аль хэдийн шалгаж эхэлсэн гэж онцолжээ.
Хэрэв Орос химийн зэвсэг хэрэглэхээр шийдвэл мөргөлдөөн хурцадмал аюултай байдалд хүрч, Оросын эсрэг шинэ хатуу арга хэмжээ авна гэж барууныхан өмнө нь анхааруулж байсан.
Уг хэрэг даваа гарагийн орой болсон бөгөөд Азовын дайчдын мэдээлснээр Оросын цэргүүд Азовсталь үйлдвэрийн нутаг дэвсгэр дээрээс нисгэгчгүй онгоцноос үл мэдэгдэх хорт бодис хаясны дараа хэд хэдэн цэрэгт амьсгалахад хүнд болж, нүд өвдөх, толгой эргэх, алхаж чадахгүй болох зэрэг шинж тэмдгүүд илэрсэн гэжээ.
Украины Батлан хамгаалах яамны дэд дарга Анна Малярын мэдэгдсэнээр эрх баригчид бүслэлтэд байгаа Мариуполь хотод болсон энэ хэргийн талаарх мэдээллийг шалгаж байна гэсэн байна.
Эх сурвалж: BBC Русская служба