Украины дүрвэгсдийн ихээхэн хэсгийг хүлээн аваад байгаа Украины хамгийн ойрын хөрш Польш, Литва, Латви, Эстони улсын ерөнхийлөгчид Владимир Зеленскийг биечлэн дэмжихээр Киевт хүрэлцэн иржээ.
Тэд Украины Ерөнхий сайд Денис Шмыгалын хамтаар дайнд ихээхэн хохирол амссан Киевийн ойролцоох Бородянка хотод айлчилжээ.
Айлчлал таван удирдагчийн хамтарсан хэвлэлийн бага хурлаар өндөрлөсөн. Тэдний мэдэгдлээс гол зүйлүүдийг дурьдвал:
Литвийн Ерөнхийлөгч Гитанас Науседа: “Бид Оросын газрын тос, байгалийн хийнд бүрэн хориг тавих хэрэгтэй. Оросын бүх банкуудад хориг тавих хэрэгтэй байна. Би давтан хэлье - бүх банкуудад. Бид нэг эсвэл хоёр жил хүлээж болохгүй. Украины ард иргэд зовж шаналж байна, эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхэд, хөгшид өдөр бүр үхэж үрэгдэж байна, бид Путиний энэ дайныг санхүүжүүлэхээ зогсоох ёстой" гэжээ.
Польшийн Ерөнхийлөгч Анжей Дуда: "Энэ бол дайн биш, терроризм. Хэрэв хэн нэгэн хүн онгоц, цэрэг илгээж, орон сууцны хорооллыг бөмбөгдөж, энгийн иргэдийг устгавал энэ дайн биш. Энэ бол харгислал, танхайрал, терроризм".
Латвийн Ерөнхийлөгч Эгилс Левиц: "Энэ түрэмгийллийн хэргийг шийдвэрлэх тусгай шүүх эсвэл шүүх байгуулах хэрэгтэй. Учир нь өнөөдөр ийм гэмт хэргийг шүүх олон улсын шүүх байхгүй байна."
"Украин бид бүгдийн төлөө тэмцэж байгаа, Украинд туслах нь бидний үүрэг. Бүх л арга хэрэгсэл, зэвсэгээр дайснаас хамгаалахад нь тэдэнд туслах хэрэгтэй. Сүүлийн хоёр сарын хугацаанд Латви улс төсөвт тусгагдсан цэргийн зардалынхаа гуравны нэгийг Украинд туслахад зарцуулаад байна".
Эстонийн Ерөнхийлөгч Алар Карис: Киевт зэрэг илүү их зэвсэг хэрэгтэй
"Би Украинд зэвсгийн нэмэлт дэмжлэг үзүүлэхийг уриалж байна. Бид Киевт бүх батлан хамгаалах зардлынхаа гуравны нэгтэй тэнцэх хэмжээний тусламжийг өгөөд байгаа. Украйны дайчдад боомтуудыг хамгаалах хөлөг онгоцны эсрэг зэвсэгээр туслах хэрэгтэй"
Эх сурвалж: BBC Русская служба