Цаг үеийн мэдээ

БНАСАУ-д коронавирусийн халдварын улмаас зургаан хүн нас баржээ. 

Өчигдөр Хойд Солонгосын эрх баригчид Пхеньянд Omicron хувилбарт халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн гэж зарласан байна. 5-р сарын 8-нд шинжилгээ өгсөн иргэнээс коронавирус илэрсэн байна.

Үүний дараа улс орон даяар онц байдал зарлаж, хөл хориог тогтоожээ. Хойд Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд халдварын дэгдэлт нийслэлээс гарч тархсаныг хүлээн зөвшөөрсөн байна.

"Шалтгаан тодорхойгүй халууралт дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн орон даяар эрчимтэй тархаж эхэлсэн" гэж Солонгосын төв мэдээллийн агентлагийн (KCNA) мэдэгдэлд дурджээ. Мөн энэ “халууралт”-аар 350 мянган хүн өвчилж, 162 мянган хүн хорио цээрийн дэглэмд орж, эмчилгээ хийлгэсэн байна.

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун өмнөх өдөр БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын Төв хорооны Улс төрийн товчоог хуралдуулж, уг вирусийн тархалтыг зогсоохыг шаарджээ.

Пүрэв гарагт Ким Чен Ун үндэсний онцгой байдлын төвд зочилж, вирустэй тэмцэх ажлыг шалгасан гэж KCNA мэдээлсэн байна. 

Шинжээчдийн үзэж байгаагаар "үл мэдэгдэх халууралт" улс орон даяар тархсан нь тус улс асар их хэмжээний коронавирусийн халдварын дунд байгааг илтгэж байх магадлалтай юм.

Тус улсын 25 сая хүн амд вакцинжуулалтын хөтөлбөр байхгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ муу байгаагаас иргэд эрсдэлтэй байдалд байна. Түүнчлэн хүн амын дархлаа сул байгаа тул БНАСАУ нь Ковид-19-ийн шинэ хувилбаруудын тархалтын гол төв болж магадгүй гэж шинжээчид үзэж байна.

Өмнө нь БНАСАУ-ын эрх баригчид цар тахлын үеэр тус улсад коронавирусийн халдварын нэг ч тохиолдол бүртгэгдээгүй гэж зарлан олон улсын Ковакс хөтөлбөрөөр вакцин авахаас татгалзаж байжээ.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа