Цаг үеийн мэдээ

Харьков мужид Украины зэвсэгт хүчний сөрөг довтолгоо үргэлжилж байна.  Украины ерөнхий штаб Оросын армийн гол хүчин нь эзэлсэн байрлалаа хяналтандаа байлгах мөн Харьковын хойд болон зүүн чиглэлийн замуудыг хянах зорилготой гэж мэдэгджээ. Харьковын төлөөх тулалдаанд Орос ялагдал хүлээсэн бололтой, одоо Луганск, Донецк мужуудыг бүрэн эзлэн авахад хүчин чармайлтаа төвлөрүүлэхийг хичээж байна гэж барууны болон Украины шинжээчид мэдэгдэв.

Харьков хотын дарга Игорь Терехов ВВС-д өгсөн ярилцлагадаа Оросын цэргүүд Украины хоёр дахь том хотоос гарч байна гэж мэдэгджээ.  

Өнгөрсөн хоёр долоо хоногт Украины зэвсэгт хүчин Харьков мужийн хэд хэдэн сууринг чөлөөлж, зарим газар нь Украины улсын хилд хүрчээ. Оросын цэргийнхэн Харьковын нутаг дэвсгэрт нэвтэрч ороогүй ч хот руу ойртож, бүх төрлийн хүнд зэвсгээр буудаж байсан.

Оросын пуужингийн довтолгооны улмаас Харьков хотын төв талбай дахь Мужийн төрийн захиргааны байр, Дотоод хэргийн яамны байр, Аюулгүй байдлын албаны байр, хотын захиргааны байр сүйджээ.  Хотын хамгийн том орон сууцны хороолол болох Салтовка дүүрэг их бууны суманд маш их өртсөн байна.

Тереховын хэлснээр амжилттай сөрөг довтолгооны дараа Харьков таван өдрийн турш буудаагүй байна.  Энэ хугацаанд Оросын цэргүүд Харьковын нисэх онгоцны буудлын орчимд пуужин харвах ганцхан оролдлого хийсэн боловч Украины агаарын довтолгооноос хамгаалах хүчин түүнийг сөнөөжээ. Мөн тэрээр Харьков одоо тайван байна, хүмүүс хэдийн хот руугаа буцаж байна гэж мэдэгджээ.

Эх сурвалж: BBC Русская служба

Таны сурталчилгаа