Цаг үеийн мэдээ

1992 оны тавдугаар сарын 15-нд Армен, Казахстан, Киргиз, Орос, Тажикстан, Узбекистан улсын төрийн тэргүүнүүд өөрсдийн аюулгүй байдлыг хамтран хангах, цэрэг-улс төрийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор Хамтын аюулгүй байдлын гэрээнд гарын үсэг зурж байжээ. Энэхүү баримт бичиг нь ЗХУ задарсны дараа түүний орон зайд хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан бүгд найрамдах улсуудын үндэсний төрт улсыг төлөвшүүлэх, өөрсдийн зэвсэгт хүчин байгуулах үйл явцад тогтворжуулах үүрэг гүйцэтгэсэн. 2002 онд Хамтын аюулгүй байдлын гэрээг олон улсын бүс нутгийн байгууллага болгож Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ)-ын статус олгох шийдвэр гарсан.  Одоо ХАБГБ-д Армен, Беларусь, Казахстан, Киргиз, Орос, Тажикстан гэсэн зургаан улс багтдаг байна. 

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага (ХАБГБ) өргөжин тэлж арав гаруй улс тус байгууллагад багтах болно гэж Беларусийн Батлан ​​хамгаалахын сайд Виктор Хренин мэдэгдлээ.

Тэрээр энэ тухай Хамтын аюулгүй байдлын гэрээний 30 жил, ХАБГБ-ын 20 жилийн ойг тохиолдуулан Беларусийн цэргийн сонинд ярьжээ.

Тэрээр "Дэлхийн дэг журам хэрхэн өөрчлөгдөхийг бид удахгүй харах болно, гэхдээ ХАБГБ байлдааны бэлэн байдал, энх тайванч байдлаа харуулсан бөгөөд хэдэн жилийн дараа зургаан улс байхаа болино гэж би бодож байна" гэж ярьжээ. Түүний хэлснээр, түрэмгийлэл, улс төрийн тогтолцооны өөрчлөлтийг бус энх тайван, тогтвортой байдлыг эрхэмлэдэг олон арван оролцогч орон нэмэгдэнэ. Тэд ХАБГБ-ыг цаашдын хөгжилд түлхэнэ гэж Хренин үзэж байна.

Ташрамд хэлэхэд 2022 оны нэгдүгээр сард Казахстанд болсон эмх замбараагүй байдлыг зохицуулахад ХАБГБ-ын хүчнийхэн оролцсон байна.

Эх сурвалж: Комсомольская правда

Таны сурталчилгаа