Эмийг хилээр нэвтрүүлэхтэй холбоотой зарим асуултыг Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газраас тодрууллаа.
Эмийг хилээр нэвтрүүлэхэд (гадаадаас оруулж ирэхэд) ямар шаардлага тавьдаг вэ?
Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, импортын лиценз авч оруулахаар Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулинд заасан байдаг. Мөн тухайн эмийн үйлдвэрлэгчийн гэрчилгээ, эмийн шинжилгээний бичиг, эмийн үйлдвэрлэгч эсвэл албан ёсны борлуулагчтай хийсэн гэрээ зэрэг баримт бичгийг дагалдуулж хилийн хяналтад хамруулан хилээр нэвтрүүлдэг.
Иргэн эмийг улсын хилээр оруулж ирж болох уу?
Гаалийн тухай хуулийн 227.3-т заасны дагуу зорчигчийн хувийн хэрэглээний яаралтай тусламж /7 хүртэл хоног/-ийн эм, удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах /чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, дархлалын олдмол хомсдол зэрэг/ өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг эмийг тухайн иргэн өөрөө авч хилээр нэвтрэхийг зөвшөөрдөг. Бусад тохиолдолд иргэн эм хилээр нэвтрүүлэхийг хориглоно.
Хувийн хэрэглээний эм гэж юу вэ?
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 14.2-т хувийн хэрэглээний эмийг Гаалийн тухай хуулийн 227 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна гэж заасан байдаг.
Гаалийн тухай хуулийн 227.1-т зааснаар “Улс хоорондын үйлчилгээний төмөр зам, автобус, хөлөг онгоц, нисэх онгоц болон хувийн тээврийн хэрэгслээр зорчигч нь өөрийн хэрэгцээнд зориулан авч яваа эмийг зорчигчийн хувийн хэрэглээний эм” гэж нэрлэдэг.
Хувийн хэрэглээний эмэнд ямар эм ордог вэ?
Гаалийн тухай хуулийн 227.3-т заасны дагуу Зорчигчийн хувийн хэрэглээний эмэнд яаралтай тусламж /7 хүртэл хоног/-ийн эм болон удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах /чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, дархлалын олдмол хомсдол зэрэг/ өвчтэй хүмүүсийн хэрэглэдэг эм багтана.
Би өөрийнхөө хэрэглэдэг витаминыг (ачаагаар) хилээр оруулж ирж болох уу?
Иргэн эмийг ачаагаар оруулж болохгүй.
Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 15.9.3-т тусгай зөвшөөрөлгүй хуулийн этгээд, иргэн эм, эмнэлгийн хэрэгсэл, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортлохыг хориглодог.