Цаг үеийн мэдээ

Бямба гарагт ОХУ-ын Гадаад хэргийн яам  тус улсад нэвтрэхийг хориглосон 963 АНУ-ын иргэдийн жагсаалтыг нийтэлсэн бөгөөд үүнд Байдены засаг захиргааны гишүүд, Бүгд найрамдах намынхан, Марк Цукерберг зэрэг техник технологийн удирдагчид, сэтгүүлчид, хэдийн нас барсан хууль тогтоогчид, Америкийн жирийн иргэд, тэр ч байтугай жүжигчин Морган Фриман зэрэг өргөн хүрээний төлөөлөл багтжээ.

ОХУ-ын ГХЯ-ны мэдэгдэлдээ: 

Орос улс сөргөлдөөнийг эрэлхийлдэггүй бөгөөд харилцан хүндэтгэсэн яриа хэлэлцээнд нээлттэй, бидний үргэлж хүндэтгэдэг Америкийн ард түмнээс ялгаатай Русофоб (оросуудыг гүтгэн гүжирдэх, оросуудтай дайсагнасан харьцаа)-г өдөөж буй АНУ-ын эрх баригчид болон тэдэнд үйлчилдэг хүмүүсийг "хар жагсаалт"-д оруулсан гэжээ.

Жагсаалтад Ерөнхийлөгч Жо Байден, дэд ерөнхийлөгч Камала Харрис, Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, Батлан ​​хамгаалахын сайд Ллойд Остин, Тагнуулын төв газрын дарга Уильям Бернс, Сангийн яамны нэгдүгээр орлогч дарга Адевале Адейемо зэрэг АНУ-ын эрх баригчдын төлөөлөл багтжээ.

Алдарт жүжигчин Морган Фриман 2017 онд "Оросыг АНУ-ын эсрэг хуйвалдаан зохион байгуулж байна гэж буруутгаж, манай улсын эсрэг тэмцэхийг уриалсан видео бичлэг хийсэн" учир "хар жагсаалт"-д оруулсан гэж ОХУ-ын Гадаад хэргийн яам мэдэгдэлдээ дурджээ.  Фриман 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Оросууд хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон талаар сурталчилгааны бичлэгт Оросын эсрэг байр сууриа илэрхийлж байжээ.

Жагсаалтад ороогүй нэгэн алдартай нэр байгаа нь Ерөнхийлөгч асан Дональд Трамп.  Трампын засаг захиргаанаас  хоригт багтсан цорын ганц өндөр албан тушаалтан бол Төрийн нарийн бичгийн дарга асан Майк Помпео байна.

Түүнчлэн хориглосон жагсаалтад  Сенатч асан Жон МакКейн нь 2018 онд 81 насандаа, Харри М.Рейд өнгөрсөн 12-р сард 82 насандаа, Орен Ж.Хэтч өнгөрсөн сард 88 насандаа нас барсан хүмүүс багтжээ.

ОХУ-д нэвтрэхийг хориглосон жагсаалтад нийгмийн бүх давхаргын төлөөлөл багтсан гэж Вашингтон Пост сонины нийтэлсэн жагсаалтыг тоймлон дурджээ.  Уг тоонд раввинууд, ЛГБТ-ийн идэвхтнүүд, Айовагийн хуульч, батлан ​​хамгаалахын гүйцэтгэгч компанийн удирдлагууд, Йелийн түүхийн профессорууд багтжээ. ОХУ-ын “хар жагсаалт”-ын зөвхөн 86 хүн нь “АНУ-ын төрөлх иргэншилтэй хүмүүс” байна гэж тодорхойлжээ.

АНУ-д энэ мэдээлэлд хараахан тайлбар өгөөгүй байна.

Эх сурвалж: Washington post

Таны сурталчилгаа