Цаг үеийн мэдээ

Украины тэнгэрт ОХУ-ын Агаарын цэргийн хүчний тэтгэвэрт гарсан хошууч генерал Канамат Боташев амиа алджээ. Түүнийг нас барсан тухай мэдээллийг Боташевыг тэтгэвэртээ гарсны дараа түүнтэй холбоотой байсан гурван ажилтан нь ВВС-д баталжээ. Тэд хувийн аюулгүй байдлын үүднээс нэрээ нууцлахыг хүссэн байна.

Боташев хамгийн өндөр зэрэглэлийн нисгэгчдын нэг байсан юм.  Тэтгэвэрт гарахаасаа өмнө нисэхийн цэргийн командлагч байсан.  Ийм өндөр албан тушаалтны агаарын тулалдаанд оролцох нь Москва цэргийн нисгэгчдийн өмнө ямар хэцүү даалгавар тавьж байгааг, мөн өндөр мэргэшсэн мэргэжилтнүүдийн дутагдалтай байгааг илтгэж байна гэж үзэж байна.

5-р сарын 22-ны ням гарагт Украины Зэвсэгт хүчний ерөнхий штаб Оросын Су-25 довтолгооны онгоцыг Луганск мужийн тэнгэрт сөнөөснийг зарласан.  Нисгэгчид нь ослын харвах системээр гарч амжаагүй гэж мэдээлсэн байна.

Тэтгэвэрт гарсан генерал Украинд Су-25 онгоцоор даалгавраа гүйцэтгэж байсныг Боташевын хуучин хамтрагчдын нэг нь ВВС-д бататган хэлсэн байна.

Канамат Боташев 1959 онд Оросын Карачаево-Черкесс улсад төрсөн, Ейскийн цэргийн нисэхийн дээд сургуулийг дүүргэсэн, сөнөөгч бөмбөгдөгч мэргэжил эзэмшжээ.  Тэрээр дэслэгчээс генерал хүртэл дэвшсэн.  63 настай тэтгэвэрт гарсан генерал хэрхэн Украинд онгоц жолоодож явсан нь тодорхойгүй байна.  Боташевын хуучин хамран ажиллагсад түүнийг "зүгээр харж сууж чадахгүй байсан байх" гэж таамаглажээ.

Нээлттэй эх сурвалжийн мэдээлснээр, Украинд 50-иас дээш насны тэтгэвэрт гарсан Оросын есөн цэргийн алба хаагч нас барсныг ВВС олж тогтоосон байна.  Тэдний нэг, чөлөөнд гарсан агаарын десантын хошууч Валерий Статилко Боташев шиг 60 гаруй настай байжээ.

Эх сурвалж: BBC русская служба

Таны сурталчилгаа