Цаг үеийн мэдээ

"ДӨРВӨЛЖИН ДУСАЛ" контемпорари уран бичлэгийн хамтарсан үзэсгэлэн Соёлын яамны галерейн танхимд үргэлжлэн гарч байна.

Монголын контемпорари Каллиграфчдийн холбооны уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн нь уран бичлэгийн сонгодог тэг загвараас хальж түүнийг өнөө цагийн урлагийн хэмнэл рүү шилжүүлж, уламжлал хийгээд орчин цагийг нэгтгэн нэгэн эклектик урлагийн өнгө аясыг шингээсэн контемпорари уран бичлэгийг толилуулж байгаа сонирхолтой үзэсгэлэн юм.

“Дөрвөлжин дусал” үзэсгэлэнгийн бүтээлүүд нь Монгол туургатны түүхэн цаг хугацаанд хэрэглэгдэж ирсэн бичиг үсгүүдийг каллиграфийн урлагаар уламжлалыг өнөө цагийн урлагийн хэв маягт шингээн өөр өөрсдийн онцлогтой туурвижээ.

Үзэсгэлэнд оролцож байгаа уран бүтээлч Б.Содномдаржаа нь эрт дээр үеэс уяа зангилаагаар утга илэрхийлж хэл захиа хүргэдэг байсан тухай сонирхолтой түүхийг дурдаад зангилаа бичгийн үг өгүүлбэр үсэгчлэн бичихийг зааж түүхийн нэгэн өв соёлыг дэлгэрүүлж өглөө.

Мөн “Титэм-арт” академийн тэргүүн, урлаг судлаач, докторант, дэд профессор Э.Ариунболд Соёлын яамны албан хаагчидтай хос бичгээрээ нэгдлээ. Э.Ариунболд зураач нь үндэсний бичгийн уран бичээч бөгөөд Монголын Эзэнт гүрний Их хаадын захидал, зарлиг болон зоос, зоосон тэмдэгтүүд, Их бага хаадын овгийн тамга зэргийг эрдэмтдийн судалгаан дээр тулгуурлан уран бүтээл туурвидаг зураач юм.

Таны сурталчилгаа