Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц нар бямба гарагт Владимир Путинтэй утсаар холбогдож олзны цэргүүд болон Украинаас үр тариа экспортлох талаар ярилцжээ. Яриа 1 цаг 20 минут орчим үргэлжилсэн.
ОХУ-д эзлэгдсэн Украины нутаг дэвсгэрийн байдал, олзлогдсон Украины цэргийн хувь заяа, Москва-Киевийн хэлэлцээрийг сэргээх, Украин, Оросоос дэлхийн зах зээлд хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна.
Кремлийн цахим хуудсанд тавьсан мэдэгдэлд, НҮБ-ын тооцоолсноор олон сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх аюул нүүрлээд байгаа хүнсний хангамжийн хүндрэл нь барууны орнуудын эдийн засаг, санхүүгийн буруу бодлого, Оросын эсрэг авсан хориг арга хэмжээний үр дагавар болж байна гэжээ. Мэдээлэлд дурдсанчлан, Орос улс Украины Хар тэнгисийн хаагдсан боомтуудаас үр тариа экспортлох, түүнчлэн Оросын бордоо, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд "хувилбар хайхад хувь нэмэр оруулахад" бэлэн байна гэж мэдэгдсэн ба үүний хариуд Путин "зарим хориг арга хэмжээний хязгаарлалтыг зогсоохыг" санал болгожээ.
ХБНГУ-ын холбооны засгийн газрын цахим хуудсанд мэдээлснээр, хэлэлцээний үеэр Германы канцлер, Францын ерөнхийлөгч нар нэн даруй эвлэрэл байгуулж, Оросын цэргийг гаргахыг уриалж, мөн Оросын ерөнхийлөгчийг Украины ерөнхийлөгчтэй шууд хэлэлцээ хийж, мөргөлдөөнийг дипломат аргаар шийдвэрлэх тохиролцоонд хүрэхийг уриалсан байна. Түүнчлэн Макрон, Шольц нар Путинд хандан "энгийн хүн амын хүмүүнлэгийн байдлыг сайжруулахыг" уриалж, олзлогсодтой холбоотой олон улсын хуулийг дагаж мөрдөнө гэдгээ Путин тэдэнд баталгаажуулсныг онцлон тэмдэглэв.
Францын ерөнхийлөгчийн ажлын алба ярианы талаарх тайландаа Шольц, Макрон нар Мариуполь дахь "Азовсталь" үйлдвэрт олзлогдсон Украины 2500 орчим цэргийг суллахыг уриалсан гэж мэдэгджээ.
Хоёрдугаар сарын сүүлээр Украинд Оросууд түрэмгийлж эхэлснээс хойш Макрон барууны бусад удирдагчаас илүү Путинтэй утсаар ярьсан. Үүнтэй холбогдуулан ЕХ-ны хэд хэдэн орны удирдагчид гайхаж байгаагаа илэрхийлж, Оросын удирдагчийг улам бүр тусгаарлахыг уриалсан. Макрон ярихдаа таатай биш ч энх тайванд хүрэхийн тулд Путинтэй үргэлжлүүлэн ярилцах болно гэж мэдэгджээ.
Эх сурвалж: Радио свобода