Цаг үеийн мэдээ

Балбын вант улсын Тара Эйр нислэгийн компанийн DHC-6-300 загварын зорчигч тээврийн жижиг онгоц ням гарагийн өглөө хөөрөөд удалгүй хяналтын цамхгаас холбоо тасарч сураггүй алга болжээ.

Онгоц өглөөний 09:55 цагт Покара хотоос хөөрч Жомсом хотод газардах ёстой байсан ч 12 минутын дараа холбоо тасарч алга болсон байна. Балбын иргэний агаарын тээврийн газрын мэдээлснээр Покара-Жомсом хотуудын нислэг 20-25 минут үргэлжилдэг ажээ.

Сураггүй алга болсон онгоцон дотор 19 зорчигч, нислэгийн багийн гурван гишүүн байсны дотор Германы хоёр, Энэтхэгийн дөрөв, Балбын 13 иргэнийг тээвэрлэж байжээ. Онгоц сураггүй болох үед цаг агаарын байдал муу байсныг дотоод хэргийн яам мэдээлсэн байна.

Балбын арми сураггүй болсон онгоцыг хайх, иргэдийг аврах ажилд дайчлагдаж байгаа боловч цаг агаар бүрхэг, үзэгдэх орчин хязгаарлагдмал байгаа тул хайгуулын ажил саатаад байна. Хайгуулыг даваа гарагийн өглөө үргэлжлүүлэхээр болжээ.

Газрын хайгуул дэлхийн долоо дахь өндөр оргил Даулагиригийн ойролцоо явагдана. Ташрамд мэдээлэхэд Балба улсад дэлхийн хамгийн өндөр 14 оргилын найм нь байдаг аж.

Эх сурвалж: CNN

Таны сурталчилгаа