Колумбын Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн амралтын өдөр зохион байгуулагдлаа. Ням гарагт танилцуулсан урьдчилсан дүнгээр нэр дэвшигчдийн аль нь ч 50-аас илүү хувийн санал аваагүй тул хоёрдугаар шатны санал хураалтыг зохион байгуулахаар болжээ.
Иргэдийн нийт саналын 98 хувийг тоолсон дүнгээр хамгийн өндөр саналыг зүүнтний талыг баримтлагч Густаво Петро авсан байна. Тэрээр 40 хувийн санал авсан бол түүний өрсөлдөгч популист Букараманга Родолфо Хернандез 28, барууны талыг баримтлагч Федерико Фико Гутеррез 23 хувийн санал авчээ.
Петро болон Хернандез нар ирэх зургадугаар сарын 19-ний өдөр хоёрдугаар шатны санал хураалтад дахин өрсөлдөнө. Энэ удаагийн сонгууль Колумбын орчин цагийн түүхэн дэх хамгийн ороо бусгаа цагт тохиож буй боловч ням гарагт болсон сонгуулийн үеэр үймээн самуун гараагүй байна.
Коронавируст цар тахлын улмаас эдийн засаг уналтад орж, үндэсний аюулгүй байдал савлан, нийгэм даяар бухимдалтай хүндхэн байна. Энэ нь зүүнтний талыг баримтлагчдад төрийн эрх барих боломж олгож магадгүй юм. Зүүнтний талыг баримтлагч Богота хотын дарга асан 62 настай Петро хоёрдугаар шатны санал хураалтад тунаж үлдсэн нь хэвлэлийнхний анхаарлыг татаж байгаа ажээ.
Хэрэв ирэх сард болох сонгуульд Петро ялбал Колумбын анхны зүүнтний талыг баримтлагч төрийн тэргүүн болох юм.
Эх сурвалж: CNN