Балбын эрэл хайгуулын багийн аврагчид өчигдөр өглөө сураггүй алга болсон зорчигч тээврийн бага оврын онгоц осолдсон байршлыг тогтоож, уг байршлаас 14 хүний цогцсыг олоод байна. Уг онгоцонд олон улсын 19 зорчигч, нислэгийн багийн гурван гишүүн байсан юм.
Тус улсын нийслэл Катмандугийн Трибхуван олон улсын нисэх буудлын ерөнхий менежер Нат Такурын мэдээлснээр аврагчид ослын газарт ажиллаж, бүх хүмүүсийг олсны дараа цогцсуудыг Катманду руу илгээнэ гэжээ.
Аврах, эрж хайх ажилд Балбын арми болон цагдаагийн хүчнийхэн дайчлагдан ажиллаж байна. Хайгуулыг ням гарагт эхлүүлэх байсан боловч цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас түр саатан, даваа гарагийн өглөө эхэлжээ.
Онгоцны сэгийг 4,000 гаруй метрийн өндрөөс олсон ба хоёр уулын дунд байрлах хавцалд хайгуул үргэлжилж байна. Цаг агаар хүнд байгаа ч үлдсэн хүмүүсийг олох хүртэл аль болох удаан хугацаанд хайгуулаа үргэлжлүүлнэ гэжээ.
Тара Эйр нислэгийн компанийн Канад улсад үйлдвэрлэсэн Твин Оттер онгоц Покара хотоос аялал жуулчлалын төв болсон Жомсом хот руу хөөрөөд 10 гаруй минутын дараа хяналтын цамхгаас холбоо тасарч алга болсон. Хоёр хотын хооронд 20-25 минут нисдэг бөгөөд газардахаасаа хэдхэн минутын өмнө сүйрчээ.
Эрх баригчид ослыг цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалсан хэмээн таамаглаж байна. Осолдсон онгоц 1979 онд анхны нислэгээ хийсэн гэж Flightradar24 цахим хуудсанд нийтэлжээ.
Эх сурвалж: CNN