Энэ оны тавдугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгуулагдсан Евровишн наадмын ялагчаар Украины Калуш хамтлаг шалгарсан билээ. Тус хамтлаг Оросын эсрэг байлдаж буй нутаг нэгтнүүдээ дэмжихийн тулд наадмын ялагч хүртдэг болор микрофоноо Facebook хуудсаараа дамжуулан дуудлагаар худалдсан байна.
Тэдний шагналын цом 900,000 ам.доллараар зарагдсан бөгөөд энэ мөнгөөр Украины армид дрон авч өгөхөөр төлөвлөжээ. Мөн тус хамтлаг Бэрлин хот дахь Брэнденбургийн хаалганд дайны хөлд үрэгдэж буй эх орондоо туслах хандивын тоглолт зохион байгуулсан байна. Хандивын тоглолтоос цугларсан мөнгөө эмнэлгийн тусламж үйлчилгээнд зориулах ажээ.
Тоглолтон дээр хэлсэн үгэндээ хамтлагийн гишүүн Олех Псиук дайнаас татгалзахыг дэлхий дахинд уриалсан байна. НҮБ-ын мэдээлэлд Орос, Украины дайнд 4,000 гаруй иргэн амиа алдаж, 4,700 гаруй хүн гэмтэж бэртсэн гэж дурджээ.
Эх сурвалж: ВВС