Цаг үеийн мэдээ

ОХУ-ын Газпром компани Финлянд, Польш, Болгарт хий нийлүүлэхээ аль хэдийн зогсоосон байгаа бөгөөд тэд Оросын шинэ шаардлагын дагуу рублиэр хийн нийлүүлэлтийн төлбөрийг төлөхийг зөвшөөрөөгүй билээ. Газпромоос байгалийн хий нийлүүлэхээ зогсоох дараагийн улсууд Нидерланд болон Дани улсууд болж магадгүй байна.  

Голландын хамгийн том хийн худалдан авагч эрчим хүчний GasTerra компани рублийн төлбөрт шилжихээс татгалзсантай холбогдуулан Газпром Нидерланд руу гаргадаг цэнхэр түлшний экспортоо тавдугаар сарын 31-нээс зогсоож байгаагаа зарлалаа. GasTerra компани нь рублиэр төлбөр хийх нь Европын холбооноос тавьсан хориг арга хэмжээг зөрчихөд хүргэж болзошгүй, мөн ОХУ-ын хуулийн дагуу данс нээлгэж, Оросын талын хяналтад байгаа нь санхүүгийн болон гүйлгээний хэт их эрсдэлд оруулах магадлалтай гэж үзэж байгаа юм.  

Нидерланд улс өөр нийлүүлэгчээс худалдан авалт хийж нөөцөлсөн гэж мэдэгдээд байна. Нидерландын эрчим хүчний сайд Роб Йеттен Оросын байгалийн хийн компанийн шийдвэр тус улсын ахуйн хэрэглээний хангамжид ямар ч нөлөө үзүүлэхгүй гэж твиттер хуудсандаа бичжээ.

Данийн эрчим хүчний Orsted компани мөн буулт хийхээс татгалзаж, Оросын байгалийн хийн төлбөрийг еврогоор үргэлжлүүлэн төлөх болно гэжээ. ОХУ-н талаас тавьсан рублийн төлбөрт шилжих эцсийн хугацаа нь тавдугаар сарын 31-ний өдөр дуусаж байгаа юм. Тиймээс Газпром Orsted руу хий нийлүүлэхээ зогсоох эрсдэлтэй байна. Харин Орстедийн үзэж байгаагаар энэ нь гэрээг зөрчсөн хэрэг болно гэж мэдэгдээд байгаа юм. Оросоос Дани руу импортлох Норд урсгалаар дамжуулан нийлүүлэх урт хугацааны гэрээ 2030 он хүртэл хүчинтэй байгаа. Данийн компани байгалийн хийг зах зээл дээр худалдаж авахаар төлөвлөж байгаагаа мэдэгдээд байна.

Эх сурвалж: Euronews, Новости Mail.ru

Таны сурталчилгаа