Цаг үеийн мэдээ

БНХАУ-ын Шанхай хотод хоёр сар гаруйн үргэлжилж буй коронавирусийн тархалттай холбоотой тогтоосон хатуу хөл хориог цуцалсан ба зарим төрлийн хягаарлалтууд хэвээр үлдэж байна. Тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хөл хорионы арга хэмжээг бүс нутгийн эдийн засагт үзүүлэх цохилтыг намжаахын тулд хэрэгжүүлж ердөө 9 хоног үргэлжлэнэ гэж мэдэгдэж байсан ч  65 хоног болж үргэлжлэн хот болон түүний оршин суугчдад ихээхэн хохирол учруулсан байна.

Хөл хориог цуцалснаар 25 сая орчим хүн амтай хотын иргэд дахин чөлөөтэй хөдөлгөөнд оролцож болохоор болжээ.

Хөл хорионы үеэр орон нутгийн оршин суугчид гэрээсээ гарах, хүргэлтийн хоол хүнс хэрэглэхийг хориглосон бөгөөд эмнэлэгт үзүүлэх шаардлага гарвал зөвхөн орон нутгийн намын хорооны зөвшөөрлөөр эмнэлэгт хандах боломжтой байжээ. 

Эдгээр арга хэмжээг одоо цуцалсан боловч зарим хязгаарлалт хэвээр байна.  Иргэд орон сууцны хорооллоосоо гарахын тулд ухаалаг утсаараа “ковид паспорт” үзүүлэх шаардлагатай. Нийтийн тээвэр, худалдааны төв, банкаар үйлчлүүлэхийг хүссэн хүмүүс сүүлийн 72 цагийн дотор PCR-ын сөрөг шинжилгээний хариутай байх шаардлагатай. Нэмж дурдахад, хотоос гарах хязгаарлалтууд хэвээр байгаа бөгөөд өөр бүс нутгаас Шанхай руу буцаж ирсэн хүн бүр 7-14 хоногийн тусгаарлалтад хамрагдах ёстой.

Кино театр, музей, спорт заалууд хаалттай хэвээр байна.  Ихэнх сургуулиуд онлайнаар үйл ажиллагаагаа явуулсан хэвээр байгаа юм байна.

Шөнө дунд болж хөл хорио цуцлагдах цаг эхлэхэд иргэд баярлаж хөөрөн хотын гудамжинд гарч, дуу дуулж, хундага өргөж тэмдэглэжээ.  "Бид хэтэрхий удаан түгжигдсэн. Тиймээс одоо тэмдэглэх хэрэгтэй" гэж нутгийн иргэдийн нэг BBC-д ярьжээ. "Бүх муу зүйл өнгөрсөнд үлдсэн, маргааш илүү сайхан болно"  "Бид чөлөөтэй. Би маш их баяртай байна! Одоо би шууд маргааш ажилдаа явмаар байна!"  гэж өөр нэг Шанхайн иргэн хэлжээ.

Эх сурвалж: BBC

Таны сурталчилгаа