Цаг үеийн мэдээ

НҮБ Анкарагийн хүсэлтийг албан ёсоор хүлээж авснаар Турк улс нэрээ сольж “Tьrkiye” болгон өөрчиллөө. Тус улсын олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байсан “Turkey” гэх нэр нь христийн шашинтай орнууд талархлын баяр, шинэ жил, зул сарын өдрүүдэд хэрэглэдэг цацагт хяруул шувуутай ижил бичигддэг байсан юм.

Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган өнгөрсөн жилийн 12 дугаар сард НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешид хаяглан олон улс дахь нэрээ “Tьrkiye” болгон өөрчлөх хүсэлтээ илгээсэн билээ. Энэ үг нь Туркийн ард түмний соёл иргэншил, үнэ цэнийг бодит илэрхийлэн төлөөлнө гэдгийг уг захидалдаа дурдсан байжээ. 

НҮБ уг асуудлыг хэлэлцэж энэ долоо хоногт шийдвэрлэсэн байна. НҮБ шийдвэрээ гаргахаас өмнө Туркийн дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээс авахуулаад бусад нэгжүүд хэдийнэ уг өөрчлөлтийг хийж эхэлжээ. 

Түүнчлэн Кэмбрижийн англи хэлний толь бичигт “turkey” гэдэг үг нь ямар нэг зүйл бүтэлгүйтэх болон тэнэг, мангар хүн гэсэн утгыг агуулдаг хэмээн бичсэн байдаг байна. Нэрээ сольсноор экспортын бүх бараа бүтээгдэхүүний шошгон дээр “Made in Tьrkiye” гэж бичигдэх ба аялал жуулчлалын салбарт ч "Hello Tьrkiye" гэсэн үгийг уриа болгон хэвшүүлэх ажээ. 

Улс орнууд өөрсдийн соёл иргэншил, өв уламжлалыг хадгалахын тулд нэрээ солих тохиолдол цөөнгүй. Тухайлбал 2020 онд Нидерланд улс Голланд гэдэг нэрийг албан ёсоор халсан билээ. Мөн Македониа улс төрийн шалтгаанаар нэрээ Умард Македониа болгон өөрчилж байсан юм. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа