Орос улс Украины нутагт цэргээ оруулснаас хойш 100 хоног өнгөрчээ. Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн мэдэгдсэнээр өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Оросын тал газар нутгийнх нь 1/5 буюу 20 хувийг эзэлсэн байна.
Оросын арми зүүн бүсийн Донбас мужид довтолгооноо үргэлжлүүлж байгаа бөгөөд Северодонецк хотод ширүүн тулаан өрнөж байна. Донбасын ихэнх хотууд оросуудад эзлэгдсэн ч тус хотын ихэнх хэсгийг Украин хараахан алдаагүй байна гэсэн мэдээллийг эх сурвалж өгч байна.
Украины цэргүүд гудамжнаас гудамж дамжин Оросын цэргүүдийн эсрэг сөрөг довтолгоон хийж байгаа аж. Зеленський пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ байлдааны нөхцөл байдал нэг их өөрчлөгдөөгүй ч Северодонецк хотод нөхцөл байдал Украины талд эргэсэн гэжээ. Тус хотод 15,000 иргэн гацсан ба ихэнх нь Азот химийн үйлдвэрт хоргодож байгаа аж.
Өрнөдийн орнууд Оросын Ерөнхийлөгч Владимир Путиний ойрын холбоотнуудын эсрэг авч хэрэгжүүлэх хориг арга хэмжээгээ чангатгасаар байна. АНУ Оросын далбаатай хоёр том хөлөг онгоцыг саатуулах шийдвэр гаргажээ. Мөн Европын Холбооны зүгээс Оросын эсрэг зургаа дахь багц хоригоо танилцуулахад бэлэн болсон байна. Үүнд газрын тосны импортыг хязгаарлах алхмыг багтаажээ.
Эх сурвалж: ВВС