Цаг үеийн мэдээ

Өрнөдийн өндөр хөгжилтэй орнуудад хиймэл хүүхэлдэй, виртуал хүн, тэр ч бүү хэл өөртэйгөө гэрлэх үзэгдэл ойрын жилүүдэд трэнд болох төлөвтэй. Энэ үзэгдэл Энэтхэгт ч мөн хүрчээ.

Энэтхэгийн блогчин, социологи судлалын оюутан 24 настай Кшама Бинду энэ сарын 11-ний өдөр хуримаа хийхээр зар тараажээ. Тэр Гужарат мужийн Вадодара хотын сүмд хинду шашны уламжлал ёсоор гэрлэхээр бэлтгэлээ базааж байгаа ч сүйт залуу дутуу байлаа. Өөрөөр хэлбэл Бинду өөртэйгөө гэрлэхээр болсон байна. 

Тэр ёс уламжлалын дагуу улаан өнгийн хувцас бэлдэж, гараа улаан хүрэн будгаар будаж, үс зүсээ гоёжээ. Өөртэйгөө хуримаа хийснийхээ дараа хоёр долоо хоног үргэлжлэх бал сарын аяллаа Гоа мужид өнгөрөөх аж. 

Бинду өөртэйгөө гэрлэх сонголт хийснээр үлдсэн амьдралаа зөвхөн өөрийгөө л хайрлаж өнгөрүүлэх юм. Энэ нь өөрийгөө хөгжүүлэх, аз жаргалтай, гоо үзэсгэлэнтэй хүн байлгах амьдралын хэв маяг байх болно гэж үзжээ. Гэр бүлийнхэн нь түүний гэрлэлтийг дэмжиж адислалаа өгч, хуримын ёслолд нь оролцохоор болсон байна. Найзууд нь ч түүний үзэл бодлыг дэмжжээ. 

Бинду өөртэйгөө гэрлэж болдог тухай мэдээллийг 20 жилийн өмнө анх сонсож байсан нь Америкийн алдарт “Sex and the City” цувралын гол дүр Кэрри Брэдшоу энэ тухай дурдсан нь байв. Үүнээс хойш өөртэйгөө гэрлэсэн хэдэн зуун гэрлэлтийн тухай уншиж, судалгаа хийжээ. 

Энэтхэгийн нийгэмд Биндугийн тухай мэдээллийг олон талаас хүлээж авч, иргэдийн дунд хэлэлцүүлэг, маргаан өрнөжээ. Олон хүн түүнд баяр хүргэсэн ч дийлэнх нь дургүйцсэн байна. 

Эх сурвалж: ВВС

 

Таны сурталчилгаа