Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон бүс нутгийн хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Байлдаан зогссон үед нөхцөл байдлаас дипломат арга замаар гарах гарцыг олохын тулд Орос улсыг доромжилж болохгүй” гэж мэдэгджээ.
Харин Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба твиттер хуудсандаа 6-р сарын 3-ны орой нийтэлсэн Макроны ярилцлагыг тайлбарлахдаа: "Оросыг доромжлохгүй байх уриа нь Франц эсвэл ийм зүйлд уриалсан өөр ямар нэг улс өөрсдийгөө доромжлох байх. Учир нь Орос улс өөрийгөө доромжилж байна. Бид бүгдээрээ ОХУ-ыг хэрхэн байранд нь тавих вэ гэдэгт анхаарлаа төвлөрүүлэх нь дээр. Энэ нь амар амгаланг сэргээж, олон амь насыг аврах болно" гэжээ.
Мөн The Guardian сэтгүүлд өгсөн ярилцлагадаа Макрон Владимир Путин Украин руу довтолсноор "түүхэн бөгөөд суурь" алдаа хийсэн, үүний хажуугаар дайсагналыг улам өргөжүүлэхээс зайлсхийх хэрэгтэй гэж мэдэгджээ. Макроны хэлснээр Франц хэлэлцээрт зуучлахад бэлэн байгаа бөгөөд тэрээр өөрөө Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийн хүсэлтээр 2021 оны арванхоёрдугаар сараас хойш Путинтэй хэлэлцээр хийж ярилцахад “100 цаг зарцуулсан” гэж хэлсэн.
Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Украиныг ЕХ-нд элсүүлэх үйл явц олон жил үргэлжлэх магадлалтай гэж өмнө нь мэдэгдсэн. Тэрээр шинээр "Европын улс төрийн нийгэмлэг" байгуулаж Украиныг түүний нэг хэсэг болох санааг дэвшүүлсэн ч Украины эрх баригчид энэ санааг дэмжээгүй байна.
Эх сурвалж: Медуза