ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ням гарагт өгсөн телевизийн ярилцлагадаа АНУ Украинд алсын зайн тусгалтай пуужингууд нийлүүлбэл хариу арга хэмжээ авч, шинэ бай руу довтолно гэдгээ анхааруулжээ.
Киев рүү шинэ зэвсэг нийлүүлэх нь зэвсэгт мөргөлдөөнийг улам лавшруулж, хугацааг нь сунгах болно хэмээн Россия-1 төрийн мэдлийн сувагт өгсөн ярилцлагадаа тэрээр дурдсан байна.
Украиныг алсын зайн тусгалтай пуужингаар зэвсэглэсний хариуд түүнтэй дүйцэх хэмжээний зэвсгээ ашиглаж, өөрсдийн зүгээс хариу арга хэмжээ авах дүгнэлтэд хүрсэн гэж Путин анхааруулжээ.
Путиний үзэж байгаагаар Украин MLRS нэртэй Америкт үйлдвэрлэсэн алсын зайн тусгалтай пуужингаар зэвсэглэлээ гээд байдлыг дордуулахаас өөр юуг ч өөрчилж чадахгүй гэв. Уг пуужингийн систем нь 70 км хүртэл зайд байг онох хүчин чадалтай ажээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ Вашингтон Украин руу шинэ пуужингийн систем, нисдэг тэрэг, танк эсэргүүцэгч зэвсэг, тоноглосон тээврийн хэрэгсэл зэрэг зэр зэвсгийн нөөц илгээхээр болсон гэжээ. Үүний дараахан буюу ням гарагт Киевийн зарим хэсэгт хүчтэй дэлбэрэлт болсон байна.
Оросын зүгээс эдгээр дэлбэрэлтүүдийг Европын холбооны орнуудаас нийлүүлсэн танкууд үйлдсэн гэж үзсэн ч Украины талаас төмөр зам засварлах үйлдвэрт болсон дэлбэрэлт гэж мэдэгджээ.
Эх сурвалж: ВВС, CNN