Цаг үеийн мэдээ

Бангладеш улсын Читтагонг хотын ойролцоо байдаг чингэлэг агуулах газарт өнгөрсөн бямба гарагийн шөнө гал гарчээ. Галын улмаас 49 хүн амь эрсэдсэний дотор есөн гал сөнөөгч байна. Эх сурвалжийн мэдээлснээр 300 орчим хүн хүндээр бэртэж гэмтсэн ба ням гарагийн үд дунд гэхэд гал ассаар байжээ.

Гал гарсан агуулах газарт хураасан байсан чингэлгүүд дотор устөрөгчийн хэт исэл, хүхэр зэрэг химийн бодис агуулагдаж байсан тул тэсрэлт удаан хугацаанд үргэлжилсэн байна. Галын шалтгаан тодорхойгүй ба агуулах газрыг эзэмшдэг компанийн зүгээс таван хүний бүрэлдэхүүнтэй мөрдөн шалгах баг томилжээ.

Гэмтэж шархадсан иргэдийн биеийн байдал муу байгаа тул амь эрсэдсэн хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй гэдгийг анхаарууллаа. Түлэгдэж шархадсан хүмүүсийг хүргэсэн эмнэлэгт цус хүрэлцээгүй байгаа тул тэдгээр өвчтөнүүдийг аврахын тулд цусаа хандивлахыг уриалаад байна.

Химийн бодис хүчтэй дэлбэрснээс зарим хүн 10 метр орчимд зайд шидэгджээ. Урьдчилсан байдлаар устөрөгчийн хэт исэлтэй чингэлэг ачсан байсан усан онгоцноос гал түрүүлж гарсан байж магадгүй гэж таамаглаад байна. Уг харамсалтай явдлыг сурвалжлахаар очсон зарим хэвлэлийн ажилтан, агуулах газарт байсан цөөн хүмүүс сураггүй алга болсон ажээ. Галыг унтрааж, иргэдийг аврах ажилд зуу зуун гал сөнөөгч дайчлагдан ажиллаж байна.

Читтагонг хотоос 40 км орчим зайтай Ситакундад байдаг агуулах газарт 4,000 гаруй чингэлэг хураасан байжээ. Энд өрнөдийн улсууд руу экспортлох гэж байсан олон сая ам.долларын хувцас хэрэглэл байсан аж. Бангладеш улс нь хувцас хэрэглэлийн экспортоороо дэлхийд хоёрдугаарт ордог юм.

Агуулахыг эзэмшдэг компани амь насаа алдсан ажилтнуудын ар гэрт тус бүр 10 лах Бангладеш така буюу 11,200 ам.долларын нөхөн төлбөр олгохоо мэдэгдсэн байна. Мөн хүндээр шархдаж биеийнхээ аль нэг хэсгийг алдсан ажилтнуудад тус бүр 6,700 ам.доллар, хөнгөн шархадсан ажилтнуудад 4,500 ам.доллар орчим нөхөн төлбөр олгох ажээ.

Эх сурвалж: ВВС, CNN

Таны сурталчилгаа