6-р сарын 5-ны өглөө Украины нийслэл Киев хотод хэд хэдэн дэлбэрэлт болсон байна. Украины нийслэлийн Дарницкий, Днепровский дүүргүүдэд пуужингийн цохилт өгсөн гэж тус хотын захирагч Виталий Кличко мэдэгдлээ.
"Укрзализница" компанийн (Украины төмөр зам) Хяналтын зөвлөлийн гишүүн Сергей Лещенко Telegram сувагтаа төмөр замын суурь бүтцэд цохилт өгсөн гэж бичжээ.
Украины Агаарын цэргийн хүчний командлал цахим хуудсаараа дамжуулан пуужингуудыг урьдчилсан мэдээллээр Каспийн тэнгист байрладаг Ту-97 онгоцноос хөөргөсөн гэж мэдэгджээ. Өглөөний 6 цагийн орчимд Киевийн чиглэлд хэд хэдэн пуужин харваж, нэгийг нь агаарын хамгаалалт устгасан гэж мэдэгдлээ.
Ням гарагт ОХУ-ын Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч Игорь Конашенков Киев рүү хийсэн дайралтын тухай “Оросын Агаарын сансрын хүчин Зүүн Европын орнуудаас нийлүүлсэн Т-72 танк болон бусад хуягт машинуудыг Киевийн захад өндөр нарийвчлалтай алсын тусгалтай пуужингаар устгасан” гэж мэдэгдсэн. Гэсэн хэдий ч Укрзализницагийн тэргүүн Александр Камышин Оросын Батлан хамгаалах яамны уг мэдэгдлийг үгүйсгэжээ: "Өнөө өглөө Оросын цэргүүд дахин төмөр замын суурь бүтэц рүү гал нээсэн. Киевийн зүүн захад байрлах Дарницкийн вагон засварын үйлдвэр дөрвөн пуужинд оногдсон. Төмөр замын ажилчдын дунд нэг хүн шархадсан, түүнд эмнэлгийн тусламж үзүүлсэн" гэж Камышин өөрийн Telegram сувагтаа бичжээ. Мөн тэрээр "Дарницкийн вагон засварын үйлдвэрийн нутаг дэвсгэрт цэргийн техник байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Энэ үйлдвэр нь экспортын бүтээгдэхүүн экспортлоход ашигладаг вагон, үр тарианы тээвэрлэгчийг засварлаж байсан" гэж тэр хэлжээ.
Камышин мөн түүний хэлсэн үг үнэн эсэхийг шалгахын тулд сэтгүүлчдийг үйлдвэрт зочлохыг урьсан байна. "Орос улс худлаа ярьсныг бид дахин батлах болно. Тэдний жинхэнэ зорилго бол эдийн засаг, энгийн иргэд гэдгийг батлах болно. Тэд Украины бүтээгдэхүүнийг экспортлох боломжийг хаахыг хүсэж байна" гэж Укрзализницагийн тэргүүн бичжээ.
Эх сурвалж: BBC Русская служба