БНХАУ энэ жилийн 12 дугаар сард бүрэн ашиглалтад орох шинэ сансар судлалын станцын барилга, засварын ажлыг үргэлжлүүлж байгаа юм. Өнгөрсөн амралтын өдөр ӨМӨЗО-ын цөл дэх Жикуан сансрын буудлаас Лонг Марч 2Ф пуужинг амжилттай хөөргөжээ.
Уг пуужингаар зургаан сарын турш барилга засварын ажлыг гүйцэтгэх гурван сансрын нисгэгч хөөрсөн байна. Тэд Тянгонг сансрын станцын Тианхе үндсэн модульд ажиллаж амьдрах ажээ.
Тянгонг буюу Диваажингийн ордон нэртэй станцад ажиллах гурав дахь багт Чен Дон, Лю Ян, Цай Сюже нар багтаж, хөөрснөөс хойш зургаан цаг хагасын дараа сансрын станцтай залгагдсан байна.
Багийг ахалж буй сансрын нисгэгч Чен 2016 онд Шензоу-11 сансрын хөлгөөр нисч байсан туршлагатай, Хятадын сансар огторгуйд хамгийн удаан хугацааг өнгөрөөсөн сансрын нисгэгч юм. Багийн гишүүн Лю 2012 онд сансарт ниссэн Хятадын анхны эмэгтэй болж байсан бол Цай анх удаа сансарт үүрэг гүйцэтгэж байна.
Тянгонг руу анхны багийг 2021 оны есдүгээр сард гурван хүний бүрэлдэхүүнтэй гурван сарын хугацаатай илгээж байсан бол хоёр дахь багийг зургаан сарын хугацаатай илгээж байжээ.
Эх сурвалж: CNN