Цаг үеийн мэдээ

Сармагчны цэцэг өвчин төв болон баруун Африкт анхлан бүртгэгдсэн боловч сүүлийн гурван долоо хоногийн хугацаанд Африкаас гадна дэлхийн 27 улсад нийт 780 тохиолдол батлагдсаныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдэгджээ. Долоо хоногийн өмнө Африкаас гадна бусад улс орнуудад 257 тохиолдол батлагдсан ч долоо хоногийн хугацаанд энэ тоо гурав дахин нэмэгджээ.

ДЭМБ-ын зүгээс дээрх тоог аюултай гэж үзэхгүй байгаа юм. Шинээр батлагдсан тохиолдлуудын дийлэнх нь Европ, Умард Америкт бүртгэгджээ. Мөн Мексик, Аргентин, Марокка, Арабын Нэгдсэн Эмирт улсуудад цөөн тоогоор бүртгэгдсэн байна.

Их Британид хамгийн их буюу 207, Испанид 156, Португалид 138 тохиолдол илэрчээ. Мөн халдвар авч буй иргэд өвчлөгсөдтэй ойрын харилцаанд орсон байгаа аж. Одоогоор уг өвчний улмаас нас барсан тохиолдол гараагүй байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нийтлэг тохиолдолд ижил хүйстнээ сонирхогчид халдвар тарааж байна гэжээ. Сармагчны цэцэг өвчин бэлгийн замаар халдварлаж байгааг нотлоогүй ч ойрын харилцаанд орсон хүмүүст халдварлаж байгаа юм. Халдвар авсан тохиолдолд халуурах, толгой өвдөх, хавагнах, нуруу чилэх, булчин сулрах зэрэг шинж тэмдэг илэрдэг байна.

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа