Цаг үеийн мэдээ

Бүгд найрамдах Доминикан улсын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөц баялгийн сайд албан өрөөндөө буудуулж амь насаа алджээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр сайдыг дотны найз нь буудаж амь насыг нь хороосон байна.

Уг халдлага болох үед Хүрээлэн буй орчин, байгалийн нөөц баялгийн сайд 55 настай Орландо Хорхе Мера албан өрөөндөө уулзалт хийж байсан байна. Энэ үеэр зургаан удаа буун дуу гарчээ. 

Тус улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын хэвлэлийн төлөөлөгч гал нээсэн этгээдийг Мигуэл Круз болохыг мэдээлсэн байна. Круз нь сайдын багын найз байжээ. Гэмт этгээдийг баривчлан саатуулсан ба чухам ямар шалтгаанаар дотны найзаа буудаж хөнөөсөн нь тодорхойгүй байгаа аж.

Ерөнхийлөгч Луйс Абинадер болсон явдалд харамсаж, гэр бүлд нь гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Хорхе Мера нь Ерөнхийлөгчийг ажлаа хүлээж авсан 2020 оны долдугаар сараас хойш Засгийн газрын гишүүнээр ажиллаж эхэлжээ. 

Мера нь Доминикан улсын Ерөнхийлөгч агсан Сальвадор Хорхе Бланкогийн хүү бөгөөд эхнэр нь Бразил дахь Доминиканы онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар ажилладаг байна. Харин хоёр хүүгийнх нь нэг эрх барьж буй Орчин үеийн хувьсгалт намын гишүүн юм байна.

Эх сурвалж: ВВС 

 

Таны сурталчилгаа