Цаг үеийн мэдээ

Монгол уран бүтээлч олон улсын нэр хүндтэй мэргэжлийн байгууллагад гоцлол бүжигчнээр уригдан ажиллаж, өндөр зэрэглэлийн, чадварлаг уран бүтээлчидийг удирдан уран бүтээл туурвиж байна. 

Балетын тэргүүлэх зэрэглэлийн гоцлооч Ц.Цолмонбуд нь 2003 онд Хөгжим бүжгийн коллежийг Дашлхагва багшийн удирдлаган дор төгсөж, 2003-2006 оны хугацаанд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт гоцлол бүжигчнээр, 2006-2007 онд Япон улсын NBA балет ХХК-н гоцлол бүжигчин, 2007-2015 онд БНСУ-ын Чүгннам Их Сургуулийн балетын багш, 2011-2014 онд БНСУ-ын И Вон Гүг балетын компанид тэргүүн гоцлооч (principal dancer), 2015-2018 онд Солонгос улсын “Gwangju city” балетын компанид тэргүүн гоцлооч (principal dancer), 2017 оноос Солонгос улсад “Elite” балет компани болон “Elite” балетын сургуулийг үүсгэн байгуулж, Уран сайхны удирдагч, найруулагч, 2018 оноос Монгол улсад Элит балет ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирлаар ажиллаж байна. 

Тэрээр дэлхийд эх орныхоо нэрийг гаргаж яваа чадварлаг, залуу уран бүтээлчдийн нэг юм. 

Түүний үүсгэн байгуулсан Элит балет компани АНУ-ын найруулагч, продюсер Дэмьен Шазелийн 2016 онд бүтээсэн Оскарын шагналт “La La Land” мюзикл киноноос сэдэвлэн уг киноны хөгжмийг шинэчлэн найруулж балет, медиа арт, холограм, драмын хосолсон мюзикл балетын жүжгийг шинээр бүтээн туурвиж The Corporate Hotel and Convention Centre-д 6 сарын 25,26-нд тоглох гэж байна.

Тус балетын жүжигт Олон улсын шагналт Монгол, Япон, БНСУ-ын шилдэг залуу уран бүтээлчид болон дуучин Ука хамтран оролцож байгаагаараа онцлог юм.