Jemperli нэртэйгээр худалдаалагдаж байгаа достарлимаб тариаг АНУ-ын эрдэмтэд шулуун гэдэсний хорт хавдартай 12 өвчтөн дээр туршсан нь амжилттай болжээ. Туршилтад оролцсон хүмүүст зургаан сарын турш гурван долоо хоног тутамд нэг удаа уг тариаг хийсний дараа химийн эмчилгээ, мэс засал хийсэнтэй ижил үр дүн үзүүлсэн байна.
Хагас жил үргэлжилсэн туршилт эмчилгээний дараа өвчтөнүүдийн MRI, PET, биопси, дурангийн шинжилгээгээр хавдар илрээгүй ажээ. Гэхдээ уг туршилт клиникийн түвшинд хийгдсэн анхан шатны туршилт бөгөөд туршилтад орсон өвчтөнүүдийг үргэлжлүүлэн ажиглах юм байна.
Эмч мэргэжилтнүүд хорт хавдрын түүхэнд анх удаа ийм амжилттай туршилт явагдсан хэмээн баяртайгаар мэдээлжээ. Шулуун гэдэсний хорт хавдрын химийн болон цацрагийн эмчилгээ үр дүн үзүүлэхдээ алгуур байдаг тул мэс засалд орох шаардлага нэмэгддэг байна.
Туршилтыг явуулахад GlaxoSmithKline, Jemperli зэрэг олон тооны эмийн компаниуд санхүүжилт олгосон ба туршилтын зөвхөн урьдчилсан дүн гарсан, туршилт бүрэн дуусаагүй гэдгийг анхааруулжээ. Туршилтад оролцсон хүмүүсийн 70 орчим хувьд нь тууралт гарах, загатнах, сульдах, дотор муухайрах зэрэг хөнгөн болон дунд зэргийн гаж нөлөө илэрсэн байна. Гэхдээ хэнд нь ч хавдар дахин ургах шинж тэмдэг илрээгүй ажээ. Эмчилгээг өвчтөнүүдэд жилээс хоёр жилийн хугацаанд үргэлжлүүлэхээр төлөвлөсөн байна.
Дараагийн шатны клиникийн туршилтыг 30 орчим өвчтөнд хийхээр төлөвлөж байгаа бөгөөд үүний дараа уг тариа аюулгүй эсэх, үр дүнтэй эсэхийг бүрэн зураглах боломжтой гэж үзэж байна.
Эх сурвалж: Science Alert