6-р сарын 9-нд өөрийгөө тунхагласан Донецкийн бүгд найрамдах ард улсын шүүх Украины талд тулалдаж байсан гадаадын гурван иргэнд цаазаар авах ял оноосон байна. Их Британийн хоёр иргэн болох 48 настай Шон Пиннер болон түүний найз 28 настай Эйден Эслин, мөн Мароккогийн 21 настай иргэн Брахим Саадун нарт холбогдох шүүх ийм шийдвэр гаргасан байна. Цаазаар авах ялыг буудан хороох аргаар гүйцэлдүүлэхээр байна.
Уг гурван иргэнийг Донецк улсын Эрүүгийн хуулийн "Эрх мэдлийг хүчээр авах эсвэл барих", "Хөлсний цэрэг" гэсэн зүйл ангиар ялласан юм. Шүүхийг даргалж буй Александр Никулиний хэлснээр, ялтнууд бүх хэргээ хүлээсэн байна. Тэдэнд шүүхийн шийдвэрийг давж заалдахад нэг сарын хугацаа байгаа.
Ял шийтгүүлсэн гадаадын гурван иргэн бүгд дайн эхлэхээс өмнө Украины Зэвсэгт хүчинтэй гэрээ байгуулжээ. Mediazona-гийн олж мэдсэнээр Эйден Эслин, Шон Пиннер нар 2018 онд, Брахим Саадун 2021 онд Украины армид элссэн байна. Гурвуулаа Мариуполь дахь Украины Зэвсэгт хүчний 36-р тэнгисийн явган цэргийн бригадын бүрэлдэхүүнд алба хааж байжээ. Британийн хоёр иргэн хоёулаа Украинд гэрлэж, Мароккын иргэн өмнө Киевт их сургуульд сурч байсан байна. Еслин, Пиннер нар 4-р сарын дундуур Мариупольд, Саадун 3-р сарын 12-нд Мариуполь, Донецкийн хоорондох Волноваха хотод бууж өгчээ. Мөн өөр нэг Их Британийн иргэн Эндрю Хилл мөн Донецкд шүүгдэж байна. Түүний эсрэг ямар нэгэн шийдвэр одоогоор гараагүй байна. Украин улс "хуурамч шүүхээс гаргасан цаазын ялыг шалгаж байна" гэж Украины Ерөнхий прокурор Ирина Венедиктова мэдэгдсэн байна. Тэрээр Женевийн конвенцод заасны дагуу тухайн гурван иргэн дайчдын халдашгүй дархан эрх эдэлдэг бөгөөд олзлогдсон тул байлдааны ажиллагаанд шууд оролцсоны төлөө хариуцлага хүлээх боломжгүй гэж тэрээр хэлжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч Стефан Дужаррик тус байгууллагыг төлөөлөн "баривчлагдсан бүх байлдагчдыг олон улсын хамгаалалтад авч, Женевийн конвенцын дагуу харьцахыг" уриалав. Олон улсын хүний эрхийн Эмнести Интернэшнл байгууллага Донецкийн бүгд найрамдах ард улсын шүүхийн шийдвэрийг дайнд олзлогдогсодтой харьцах тухай Женевийн конвенцыг зөрчсөн жүжиг хэмээн нэрлэжээ.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров цаазаар авах ялын талаар тайлбар хийхдээ Донецкийн бүгд найрамдах ард улсын хууль тогтоомжийг үндэслэн ийм шийдвэр гаргасан гэж мэдэгджээ.
Эйден Эслиний гэр бүлийнхэн Украин, Их Британийн эрх баригчдад хандан ялтнуудыг эх орондоо эсэн мэнд буцаахын тулд боломжтой бүхнийг хийхийг уриалсан байна.
Эх сурвалж: Медуза