Сөрөг хүчний улстөрч Алексей Навальныйг энгийн дэглэмтэй хорих ангиас Владимир мужийн Мелехово дахь чанга дэглэмтэй хорих руу шилжүүлжээ. Тэрээр энэ тухайгаа зургаадугаар сарын 15-ны орой Телеграм хуудсандаа нийтэлжээ. Одоогоор тэр тусгаарлалтад байгаа юм байна.
Тэрээр "Чанга дэглэмтэй бүсээс мэндчилж байна" хэмээн бичжээ. Түүнийг авч очсон тус хорих анги нь хоригдлуудыг эрүүдэн шүүдэг тухай мэдээллүүдээр алдартай билээ.
6-р сарын 14-ны өдөр Алексей Навальныйгийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Кира Ярмыш Авилгийн эсрэг сангийн үүсгэн байгуулагчийг Покров дахь шоронгоос авч явсан тухай мэдээлсэн. "Түүнтэй уулзахаар ирсэн өмгөөлөгчийг 14.00 цаг хүртэл шалган нэвтрүүлэх цэг дээр хүлээлгэж байгаад "Тийм ялтан байхгүй" гэх хариуг өгсөн байна. Алексей одоо хаана байгааг бид мэдэхгүй байна" гэж тэрээр нь мэдээлж байсан. Ярмышын хэлснээр Навальныйгийн өмгөөлөгч нарт болон төрөл төрөгсөд нь ч түүнийг шилжүүлэх талаар урьдчилж мэдэгдээгүй байна.
Гуравдугаар сард Москвагийн Лефортовский дүүргийн шүүх түүнийг хандивын мөнгө залилан цуглуулсан, шүүхийг үл хүндэтгэсэн хэргээр чанга дэглэмтэй хорих ангид 9 жил хорих ял оноосон. Улстөрчийг дэмжигчид түүнийг зөвхөн улс төрийн шалтгаанаар хэлмэгдүүлж уг ялыг тулгасанд эргэлзэхгүй байгаа юм.
Навальный түүнийг хавар тус хорих анги руу шилжүүлнэ гэдгийг мэдэж байсан. Тэрээр твиттер хуудсандаа тэд надад зориулж "шорон доторх шорон" бэлдэж байгаа тухай уг хорих ангийн хоригдлууд бичиж байна гэж мэдэгдэж байжээ.
Эх сурвалж: DW, Медуза