Кока-Кола компани Орост ундаагаа үйлдвэрлэж, худалдаалахаа зогсооно. Энэ нь зөвхөн бидний сайн мэдэх Coca-Cola, Fanta, Sprite, Burn хийжүүлсэн ундаанаас гадна BonAqua ус болон Добрый, Моя семья, Rich жүүс зэрэгт хамаарна.
Одоо дистрибьютерүүд үлдсэн бараагаа зарж байгаа гэж тус компани мэдэгдлээ. Үүний дараа ОХУ-д эдгээр брэндийн дор ундаа зарагдахгүй болно.
Гуравдугаар сард Кока-Кола Украины дайны улмаас Орос дахь бизнесээ зогсоож, Оросын зах зээлд ундааныхаа найрлагыг нийлүүлэхгүй болсноо зарласан. Тавдугаар сард Coca-Cola компанийн тэргүүн Жеймс Куинси дэлхийд алдартай компани Оросыг орхиж магадгүй гэж хүлээн зөвшөөрсөн.
Кока-Колагийн өрсөлдөгч Пепси ч мөн хавар Орос дахь үйл ажиллагаагаа зогсоож байгаагаа зарласан. Коммерсант сонинд бичсэнээр тус компани Орост бизнесээ үргэлжлүүлэх шинэ нэрээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжийг судалж байна гэж бичжээ.
Эх сурвалж: BBC