Цаг үеийн мэдээ

Умард Солонгос улсад ковид-19 цар тахал тархсаны зэрэгцээ үл мэдэгдэх гэдэсний халдварт өвчин тархаад байгааг мэдээлжээ. 

Зэрэгцэн тархаж буй халдварт өвчнүүдтэй тэмцэхийн тулд удирдагч Ким Жон Ун хөл хорионы дэглэмийг хэрэгжүүлэхийг даалгасан байна. Мөн гэдэсний цочмог халдварт өвчнөөр өвдсөн иргэдэд туслахаар Хэжү хотод эмнэлгийн тусламж илгээжээ.

Эрүүл мэндийн мэргэжилтнүүд уг өвчнийг хижиг, эсвэл холер өвчин байж магадгүй гэж таамаглаж байна. Тус улсад олон сая иргэнд халуурах шинж тэмдэг илэрсэн тул тавдугаар сард үндэсний хэмжээнд онц байдал зарласан. 

Умард Солонгосын газар тариалангийн гол бүс өмнөд Хуангэ мужийн Хэжү хотод гэдэсний цочмог халдварт өвчний тархалт хамгийн өндөр байна. Газар тариалангийн гол бүс халдварт өвчинд нэрвэгдсэнээр хүнсний хомсдол улам нэмэгдэж болзошгүй ажээ. 

Тус улсад пүрэв гарагт 26,000 гаруй хүнд халуурах шинж тэмдэг илэрсэн байна. Халуурсан иргэдийн тоо дөрөвдүгээр сараас хойш нийт 4,5 саяд хүрчээ. Засгийн газраас цар тахлын улмаас  73 хүн амиа алдсан гэж мэдээлсэн ч ДЭМБ дэлхийн хамгийн хаалттай бүсэд нөхцөл байдал үүнээс ч муу байгаа гэж сэрэмжилж байна. 

Эх сурвалж: ВВС

Таны сурталчилгаа