Колумб улсад ням гарагт явуулсан сонгуульд Богота хотын захирагч асан, улс төрийн зүүнтний үзлийг баримтлагч, босогч асан Густаво Петро ялалт байгуулж Ерөнхийлөгчөөр сонгогджээ. Сенатын гишүүн Петро барууны үзэл баримтлагч, барилгын магнат Родолфо Хернандезыг 50,5 хувийн саналаар ялсан байна.
Тус улсын анхны зүүнтний үзлийг баримтлагч Ерөнхийлөгч өрсөлдөгчөө 700,000 хүний саналаар ялжээ. Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч өөрийн ялалтаа ард түмний төлөөх бурхны ялалт хэмээн сайшааж, үерт автсан иргэдийн зовлон шаналал баяр жаргалаар солигдож байна хэмээн жиргэсэн байна.
Густаво Петро ялснаар түүнтэй хамт нэг баг болж сонгуульд өрсөлдсөн Франсиа Маркуэз улсын анхны өнгөт арьст эмэгтэй дэд Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. Хатагтай Маркуэз өмнө нь гэрийн үйлчлэгчээр ажилладаг байсан бөгөөд ганц бие ээж юм байна.
Барууны үзэл баримтлагч Хернандез сонгуулийн сурталчилгааны уламжлалт хэв маягаас татгалзаж олон нийтийн цахим сүлжээ, ТикТок апп ашиглан сурталчилгаагаа явуулжээ. Тэрээр сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, шинэ төрийн тэргүүн авлигын эсрэг шударга тэмцэнэ гэдэгт найдаж байна гэжээ.
Хуулийн дагуу Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа нь дуусч, дахин сонгуульд өрсөлдөх боломжгүй болсон Иван Дуке шинээр сонгогдсон төрийн тэргүүнд баяр хүргэсэн байна.
Сонгуульд ялалт байгуулсан Петро нь М-19 партизаны хөдөлгөөний гишүүн байсан бөгөөд их сургуулийн боловсролыг иргэдэд үнэ төлбөргүй ижил тэгш хүргэх, халамжийн үйлчилгээг шинэчлэх, гадаадад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнд өндөр татвар оногдуулахаа иргэдэд амлажээ.
Эх сурвалж: ВВС